Цэнд-Очирын Цогтбаатарыг жүдод 17 настай орж ирэхэд спортын мэргэжилтнүүд ихэд үнэлж байсан билээ. Улсын аваргад 18 настай түрүүлэхэд “Алтан жаал” хэмээн нэрлэж байв. Энэ цагаас Цэнд-Очирын Цогтбаатар олон тэмцээнд ялж ялагдаж үзэгч олноо баярлуулсан, гонсойлгосон байж таарна. Түүний хувьд барилдааны хурд мэдрэмжтэйгээс гадна салхитай, хийтэй барилдаан хийдэг. Үүнийг тайлбарлагч Шижирбат “Hi” түвшний барилдаан гэх болов уу.
Д.Төмөрхүлэг, Д.Амартүвшин, Ц.Цогтбаатар хэмээх төстэй барилдаантай,хэнийг ч унагаж мэдэх бөхчүүд юм. Ямартаа ч морь бөх танихдаа гаргуун монголчууд Ц.Цогтбаатарыг “Алтан жаал” хэмээн нэрийдсэн нь буруудсангүй. Жилээс жилд сайжирч, өндөр зэрэглэлийн агуу тамирчин болох аялалдаа гарсан Ц.Цогтбаатарт амжилт хүсье. Домогт Шохей Оно аварга шиг хүн төрөлхтний бахархал болохыг хүсэн ерөөе.








































