Загвар өмсөгч, мисс Батбаатарын Батцэцэгийн нэрийг Бэбэ ВВ гэж товчлон дууддаг. Б.Батцэцэг эх орондоо төдийгүй Ази тивдээ амжилттай ажиллаж байсан манай сайн загвар өмсөгч, моделиудын нэг. Дуучин Т.Ариунаагийн “Нандин учрал”, “Гайз” хамтлагийн “Цас” дууны клипэнд тоглосноор нь мисс, загвар өмсөгч Б.Батцэцэгийг хүмүүс андахгүй.
Өсвөр наснаасаа загвар өмсөгч болсон Б.Батцэцэг 2000 оны “New face” уралдааны топ модель, 2007 оны “Монгол модель” агентлагийн топ модель өргөмжлөл, 2008 онд “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгчийн “Дэд тэргүүн” шагналыг хүртэж байсан. Мөн 59 дэх удаагийн “Дэлхийн мисс-2009” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан билээ.
Олон улсын модель Бэбэ Сингапурын “Carrie Models”, Хонг Конгийн “Elite” агентлагт гэрээгээр ажиллаж, Сингапур, Хонконг, Шанхайд гэрээгээр ажилладаг байлаа. Мөн Солонгос, Израйль, Вьетнам, ОХУ-д уригдан загвар өмсөж байжээ.
Мисс бүсгүйн аав нь Онцгой байдлын газрын урдаа барих шилдэг офицерын нэг байсан. Харамсалтай нь аав нь 2007 оны 6 дугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан Ми 8-ын ослоор 14 шилдэг аврагчидтай хамт осолдон өөд болсон. Осолд орсон Онцгой байдлын албан хаагчдаас хамгийн өндөр албан тушаалтай нь комиссар Д.Батбаатар байсныг салбарынхан нь андахгүй. Тэрбээр мисс бүсгүй Батцэцэгийн аав.