Худалдаа хөгжлийн банкны харилцагчид ХАДГАЛАМЖАА ТАТАХ УУ
Худалдаа хөгжлийн банкны харилцагчид хадгаламжаа татаж байгаа сурагтай. Харилцагчид нь ийм шийдэлд хүрч байгаа нь “Банканд итгэл алдарсан” гэж шууд ойлгогдож байгаа юм. Тэгээд ч ийм том, дуулиант хэргийн дараа ингэж ойлгохоос ч яах билээ.
Ингэж хэлэхийн учир нь Худалдаа хөгжлийн банкны 432 буюу “Шангри-Ла”-гийн салбараас өнгөрөгч 5 дугаар сасрын 25-нд хуурамч бичиг баримт ашиглан 2 сая ам.доллар залилсан хэрэг гарч байсан.
Тухайн үед хэн хүнгүй л хэрэгт холбогдол бүхий этгээдүүдийг “хурдан бариасай” гэж хүсч бас буруутгаж байсан. Тэгвэл үнэн чанартаа ХХБ-ны ажилтнууд эл хэрэгт хамааралтай гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоосныг эх сурвалжууд хэлж байна.
Хэрэгт хамааралтай эрх бүхий албан тушаалтан ажилтныхаа хамтаар уг хэрэгт оролцсон гэж байгаа. Хууль, ном журмын дагуу бол ямар ч банк 20 саяас дээш төгрөг, түүнтэй дүйцэхүйц хэмжээний валют гарч буй тохиолдолд төв банканд мэдээлэх үүрэгтэй. Үүнийг Мөнгө угаах, тер-ро-ризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд ч зүйлчлэн заасан байдаг. Гэтэл тэр их хэмжээний мөнгө гарч байхад төв банканд мэдээлээгүй нь тус банкнаас хоёроос илүү хүн эл хэрэгт холбоотой байж мэднэ гэх хардлагыг төрүүлж буй.
Хардахаас ч аргагүй юм. Учир нь тухайн өдөр 2 сая ам.доллар тус банкнаас луй-варчид авахаас өмнө нь “ Эрдэнэт лайт” компанийн дансны мэдээлэлд банкны 6 ажилтан хандсан байсныг тогтоосон бөгөөд хэрэгт холбоотой гэгдэж буй дээрх 2 ажилтан ч мөн мэдээллийг нь орж харсан нь тогтоогдоод байгаа юм байна.
Товчхондоо бол хаанаас нь ч харсан хууль, дүрэм журам зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан, авлигын шинжтэй гэж харагдаж буй энэ хэргээс үүдэн Худалдаа хөгжлийн банкны харилцагчид Хадгаламжаа татаж байвал гайхах хэрэггүй л юм.
Эх сурвалж: Erennews.mn