TAтвар төлөгчдийн мөнгө гэж байхаас төрийн мөнгө гэж байдаггүй гэдгийг ухамсарладаггүй дарга нарын шунал хэрээс хэтэрчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ажиллаж байсан байгууллагаасаа төлүүлсэн баримтын араас Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнийн “идэж уусан” баримтууд ар араасаа дэлгэгдсэн.
Тодруулбал Хадгаламжийн даатгалын корпорацийн данснаас Шангри Ла Улаанбаатар Хотел ХХК-ийн дансанд нэг сар иогийн өрөө түрээслэхэд зориулж 30 сая төгрөг гаргасан төдийгүй 100 мянган төгрөгийн картныхаа төлбөрийн хүртэл хийлгэсэн нь дэлгэгдсэн.
Түүнчлэн Х.Бум-Эрдэнэд Корпорацийн Дэд захирал С.Дамдиндорж 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 66 тоот тушаалаар орон сууцны дэмжлэг болгож 45 сая төгрөгийг батлуулан авсан нь дуулиан дэгдээсэн. Х.Бум-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 560 сая 500 мянган төгрөгийн хоёр орон сууц, авто гарааш, хашаа байшин, оффистой. Жилийн 171 сая 585 мянган төгрөгийн орлоготой. Гэвч ийм хүмүүс татвар төлөгчдийн мөнгөнөөс дэмжлэг нэрээр хумсласныг ёстой ичгүүр гэхээс яалтай.
Тэгвэл Х.Бум-Эрдэнийн өөртөө болоод бусдад тараасан 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг нэг биш хоёр биш 10 байртай, Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбатад хүртэл очжээ. Д.Ганбатын хувьд 2019 онд гаргасан ХОМ-тээ 963 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн 5 орон сууцтай, 4 үйлчилгээний байртай, 1 зуслангийн байшинтай, 1 авто гарааштай гэж мэдүүлжээ. Тэрбээр жилийн 208 сая төгрөгийн орлоготой бөгөөд 550 сая төгрөгийн авлагатайгаас гадна 786 сая төгрөгийн зээлтэй аж.