Монгол Улсын III Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дараалсан уналтууд үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд гэхэд хүү Батшугар нь УИХ болон орон нутгийн сонгуульд амжилтгүй оролцов. Хүүгийнхээ төлөө Сонгинохайрхан дүүргийн гудамж метрлэж үсээ цайтал, үгээ бартал яриад нэмэр болсонгүй.
Монголчууд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нарын хүүхдийг унагаж бах таваа хангах шив дээ. Намбарын Энхбаярыг хамгийн их гонсойлгосон хүн бол Баянгол дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн Э.Магнайбаяр юм. Тэрээр УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт хүч үзсэн, Н.Энхбаярын итгэл хүлээсэн Тулга, Орхонбаяр шиг залуусын нэг юм.
Гэвч тэрээр тодорхой тохироо хийн МАН-д элсэн эрх мэдэлд хүрэхээр шийджээ. Үүгээрээ Баянгол дүүрэгт АН-ын ялалтыг үгүйсгэсэн үйлдэл хийсэн юм. Түүний энэ үйлдэл АН-д хүнд цохилт өгч “Бид хэнтэй нийлэв” гэсэн буруутгал гишүүдийнх нь дунд өрнөж байна. МАХН-ын хувьд урвагчаараа цоллуулж Н.Энхбаяртай хариуцлага тооцох, шинэчлэл хийх яриаг тойрон хүрээлэгч нараас нь гарах болжээ.
Мөн З.Баянсэлэнгийг орон нутгийн сонгуулиар буруу ажилласан, мөнгө төгрөг үрсэн гэж яриа ч байна. Н.Энхбаяр хүнд цохилтод орж Э.Магнайбаярыг утсаар дарамталж нилээдгүй сүрдүүлсэн байна. Э.Магнайбаяр аль намд элсэх нь хувь хүний эрх чөлөө байж болох ч Баянгол дүүрэг дэх АН-ын ялалтыг үгүй хийсэнд олон нийтийн дургүйг хүргээд байгаа юм. АН-ын голдуу хүүхнүүдэд алгадуулж, өндөг шидүүлж байгаа Э.Магнайбаяр нэг талаар өрөвдөлтэй ч эрх мэдлээ алдаж буй Эрдэнийн бүлэглэл эмгэнэлтэй байлаа.