“Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Тордойн Ганболд Улсын Ерөнхий Прокурор асан Дамбийн Дорлигжавыг өөрөөс нь дөрвөн сая ам.доллар дээрэмдэж өөрийн дансаараа авсан хэмээн мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлээс улбаалан Д.Дорлигжав, Д.Баатар, “Голомт” банкны эзэн Д.Баясгалан нар 461-р ангид цагдан хоригдсон байдаг. Нэхэн сануулахад ОХУ-ын иргэн Сергей Паушокын “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал байхдаа гэнэтийн ашгаас үүдэлтэй 170 гаруй тэрбум төгрөгийн татварын өртэй болсон байдаг. Сергей Паушок Засгийн газартай заргалдан ялагдаад өрөө төлөлгүй ОХУ руу зугтаж араас нь монголчууд цувчихсан юм билээ. Учир юу гэвээс орос эр “Монгол Улсад байгаа 20 гаруй алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл, уурхайнуудаа зарна” гэсэн зар тараачихсан.
Энэ зарын хүрээнд “Голомт”-ын Баясгалан, Чангаагийн Бямбаа, Дамбийн Баатар хүртэл очсон. Эцсийн үнэ хаялцуулалт дээр Тордойн Ганболд 300 сая ам.доллар хэлээд “Алтан Дорнод Монгол” компанийг авсан байдаг юм. Одоо хүртэл энэ мөнгөө өгөөгүй, зальдуулсан гэх Сергей Паушок олон улсын Арбитрт хандаад явж байна. Үнэн шударгын бэлгэ тэмдэг, дуу хоолой болсон Тордойн Ганболдыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд УИХ-ын гишүүд дэмжсэн. 60 мянган иргэд цугласан цуглаан дээр түүний хэлсэн үг өнөө хэр мартагдаагүй байна. Байгаль сүйтгэгч түүнийг шударга ёсны тод жишээ, тэмцэгч гэж үзээд дэмжиж явлаа. Гэтэл өөрөө авлига өгөхийг завдсан, авахгүй болохоор гүтгэсэн болж таарав.
Одоо Т.Ганболд дээр асуудал эргээд очлоо, дүр эсгэгч, хулхи эх оронч байжээ. Хуулийн байгууллага олон сар. жилээр Д.Дорлигжавыг шалган байцаагаад гэмт хэрэг хийгээгүй, мөнгө нэхээгүй гэж үзээд нэр хүндийг нь цагаатгав. Мөн “Голомт”-ын Баясгаланд Монгол Улсын гавъяат эдийн засагч гэсэн цолыг Х.Баттулга гардуулав. Луйварчин, авлигачинг шагнахгүй биз дээ яаж ч бодсон.