“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК “Боинг” компанийн охин компани болох Jeppesen GmBH компанитай нисэхийн мэдээлэл, өгөгдөл солилцох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Энэ тухай хамтын ажиллагааны гэрээг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг, Jeppesen GmBH компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Stefan Zorn нар 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үзэглэсэн байна.
Нисэхийн навигацийн мэдээлэл, нислэгийн зураг, нислэгийн төлөвлөлтийн программ хангамж, өгөгдлийн үйлчилгээ нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Jeppesen GmBH компанитай хамтран ажилласнаар Монгол Улсын нисэхийн мэдээллийн үйлчилгээний автомат системийн нислэгийн төлөвлөгөө, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээнд ашиглах өгөгдөл, мэдээлэл бүрдүүлэх үйл ажиллагаа автоматжих бөгөөд гар аргаар өгөгдлийг бүрдүүлэх, өгөгдлийг буруу шивэх зэрэг хүний хүчин зүйлээс шалтгаалан гардаг алдаа багасах, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэх юм. Мөн Jeppesen GmBH компанийн олон улсад цоо шинээр нэвтрүүлсэн ForeFlight нисэхийн мэдээллийн цахим платформыг ашиглах 4 эрх болон Европ, Африк тив, Ази-Номхон далайн бүс, Дундад Азийн улс орнуудын агаарын зайн мэдээллийг ARINC 424 форматаар хүлээн авах боломжтой болсон байна.
Харин Jeppesen GmBH компанийн хувьд “ИНҮТ” ТӨХХК-ийн НМҮА-аас шинээр боловсруулсан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлагыг бүрэн хангасан нисэхийн өгөгдлийн багцын анхны хэрэглэгч байгууллага болж байгаа юм.
Jeppesen GmBH компани Монгол Улсын AIP-ын тоон өгөгдлийн багц, Газрын гадаргын тоон өгөгдлийн багц, Саадын тоон өгөгдлийн багц, Аэродромын зураглалын тоон өгөгдлийн багц, Хэрэглэлийн нислэгийн журмын IFP тоон өгөгдлийн багцуудыг AIXM 5.1 болон Shape форматаар авахаар хүсэлт гаргажээ.
Иргэний нисэхийн ерөнхий газар болон Jeppesen байгууллагын хооронд 1988 онд анх Монгол Улсын AIP-ын бүтээгдэхүүн болон Jeppesen нислэгийн зургийн мэдээллийг цаасан хэлбэрээр үнэгүй солилцох нөхцөлтэй гэрээ байгуулж байсан бол дараа нь 2011 онд Монгол Улсын AIP-ын электрон хувилбар болон Jeppesen электрон нислэгийн зургийн программ хангамж, түүний өөрчлөлтийг солилцох байдлаар нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.







































