Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх гэртээ байх үедээ бусдад зодуулсан хэрэг энэ сарын 11-нд болжээ. Түүнийг зүс таних хүн нь зодсон гэх.
Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад иргэн “Г”-ийн биед иргэн “И” гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн “Г”-г хохирогчоор тогтоон гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
А.Гансүхийн хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн 55.111.034.150,045 төгрөгийн онц их хэмжээний хохирол улсад учруулсан буюу олноо “төмөр замын” гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдаж байсан ч ял шийтгэлгүй гарч ирсэн юм. Үүний дараагаар тэрбээр өнгөрсөн жил /2022 он/ “Тусгаар тогтнол” хөдөлгөөний талбай дээрх жагсаал цуглааныг санхүүжүлсэн хэрэгт мөн буруутгагдан тагнуулын байгууллагаас шалгагдаж байсан ч мөн л ялгүй мултарсан түүхтэй. Харин жагсаал хийсэн залуус нь ял сонсож өдгөө хэрэг нь шүүхээр эцэслэгдэн шийдэгдээгүй байна.