Монгол Улсын иргэн өөрийн баялаг болсон Тавантолгойгоос эзэмшүүлсэн нэртэй 1072 ширхэг хувьцаанаас 100 төгрөг ч авч чадаагүй байхад манай Засгийн газар БНХАУ-ын “Norinco group” нэрээрээ алдартай “China North Industries Corporation” компанийн Монгол дахь охин компани болох “Норинко интернейшнл” компанитай “Эрдэнэс тавантолгой” ХК дээр хоёр ч оффтейк гэрээ байгуулж, зүгээр л урагш нь зөөгөөд дуусаж байна.
“Норинко интернейшнл” компанитай нэгдүгээрт, “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн гүйцэтгэгч шалгаруулах 314 сая ам.долларын гэрээг байгуулсан бол хоёрдугаарт, Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн түүхий эд болон нефтийг Дорнод аймгийн 580 км урт дамжуулах хоолойгоор тээвэрлэх гэрээг тус тус байгуулсан. Эдгээр ажлын төлбөрийг та бидний баялаг гэж нэрлээд байгаа Тавантолгойн ордын одоо дэлхийд мода буй дээд зэргийн коксжих нүүрсээр төлж барагдуулах тохироо хийсэн. Мэдээж дэлхийд байхгүй хямд үнээр зүгээр шахуу өгөөд эрх бүхий бүлэглэлүүд ашиг хүртэх тийм л тохироо. Улмаар гэрээ байгуулсны дараа сараас буюу 2022 оны тавдугаар сард 12.2 сая ам.доллартой дүйх нүүрс нийлүүлж эхлэн 2024 он дуустал нийт 368,660,800 сая ам.доллартой дүйх нүүрс нийлүүлэхээр тооцжээ.
Одоо энэ нүүрсийг хятадууд үндсэндээ зөөгөөд дуусаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл стратегийн ач холбогдолтой томоохон ордуудын баялгийг урд хөрш маань зөөгөөд дуусаж байна. Мөн тэд өөрсдийн ажиллах хүчээ оруулж ирээд бүтээн байгуулалтын төсөв, санхүүг давхар өөрсдөө авчихаж байгаа юм. Харин Монгол хүн энд ажилласангүй, монголын баялаг монголдоо ч үлдсэнгүй. 1072 хувьцааны 100 төгрөг ч авсангүй. Харин манай дарга нарын халаас, гүзээ түнтийж, урд хөрш маань ургашлан хөгжих замдаа эргэлт буцалтгүй оржээ.
Оффтейк гэрээнд дурдсан нүүрс нийлүүлэх төлөвлөгөөг хүснэгтээр харуулъя.