Kоронавирусын xaлдвар байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол Хөвсгөл аймагт бүртгэгдсэн.Үүнтэй холбоотойгоор Xөвcгөл аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, шаардлагатай арга хэмжээг авсан байна.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдтой утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Хөвсгөл аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай аймагт хоёрдугаар сарын 10-ны өдөр коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Иймээс аймгийн онцгой комисс хуралдаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлын горимд шилжин ажиллаж байгаа.
-Тухайн иргэн БНХАУ руу зорчсон юм болов уу?
-Сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэн 28 настай Мөрөн сумынх. Гашуунсухайт боомтод нүүрсний тээвэр эрхэлдэг.
-Биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Биеийн байдал гайгүй байгаа. Сэжигтэй тохиолдлыг аймгийнхаа эрүүл мэндийн төв дээр өрөө гаргаж тусгаарласан. Харин нэгдүгээр хавьтагч нарыг гэрийн нөхцөлд тусгаарлах арга хэмжээ авч, тандалт судалгааг хийж байна. Одоогийн байдлаар ойр орчмын хүмүүсээс янз бүрийн тохиолдол бүртгэгдээгүй.
-Тусгаарласан тасагт хэчнээн эмч сувилагч ажиллаж байгаа бэ?
-Тусгаарласан сэжигтэй тохиолдол дээр эмнэлгийн гурван хүн ажиллаж байна. Эдгээр эмч, сувилагч нарыг шаардлагатай хувцас хэрэгслээр хангаж, ариутгал халдваргүйжилтийг нь маш сайн хийсэн.
-Шинжилгээний хариу хэзээ гаргах вэ?
-Хоёрдугаар сарын 10-ны өдөр шинжилгээ авч, ХӨСҮТ-ийн лаборатори руу явуулсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Бид шинжилгээний хариуг хүлээгээд бусад шаардлагатай арга хэмжээ аваад ажиллаж байна.
-Гашуунсухайт боомтод нүүрсний тээвэр хийдэг гэлээ. Аймагтаа хэзээ ирсэн бол?
-Аймагтаа хоёрдугаар сарын 5-нд ирсэн. Хоёрдугаар сарын 7-ны өдөр халуурч, ханиалгаж, хоолой нь өвдөж, өчигдөр өрхийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Харин өрхийн эмнэлгээс сэжигтэй тохиолдол байж болзошгүй гэж үзээд тусгаарлах арга хэмжээ авсан. Одоо эмч эмнэлгийн ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Аймгийн хэмжээнд шуурхай штаб дээр 168 хүн ажиллаж байгаа. Мөн нөөцийн баг гаргасан.
-Хөвсгөл далай дээр зохион байгуулагддаг “Хөх сувд-2020” мөсний баярын үйл ажиллагааг цуцлах шийдвэр гарсан гэсэн. Үнэн үү?
-Аймгийн онцгой комисс хуралдаж гуравдугаар сарын 2-4-нд зохион байгуулах байсан “Хөх сувд-2020” мөсний баярыг цуцлах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг БОАЖЯ-нд уламжилсан. БОАЖЯ-наас эцсийн шийдвэрийг гаргана.
-Баярлалаа








































