Украины Харьков хотод хоргодох байранд байсан монгол оюутнууд өчигдөр Львов хот руу явах галт тэргэнд сууж хотоос гарч чаджээ.
Энэ талаар тус хотод сурч буй хоёр оюутны ах Б.Мөнхжаргалаас тодрууллаа.
-Өчигдөр орой Монголын цагаар 18.00 цагийн үед галт тэргэнд зөвхөн эмэгтэй оюутнуудыг суулгана гэж байсан. Эрэгтэй оюутнууд галт тэргэнд яаж суусан юм бол?
-Харьков хотын төв вокзалаас галт тэрэг явна гэсэн мэдээлэл уржигдар гарсан боловч яваагүй юм билээ. Харин өчигдөр явсан, гэхдээ эхний галт тэргэнд манай зургаан оюутан, нэг монгол эмэгтэйтэй долуулаа суусан.
Дараагийн галт тэргэнд үлдсэн 12 эрэгтэй оюутан маань амжиж сууцгаасан. Харьковоос аюулгүй бүс рүү гарахыг хүссэн хүмүүс маш их, бүгд л галт тэргэнд суухыг хүсэж байгаа шүү дээ. Одоо Львов хот руу хараахан очоогүй, замдаа яваа байх. Харьковоос Львов хот хүртэл 1018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт 1100 орчим километр зам туулж аюулгүй газарт хүрэх юм билээ.
-Галт тэрэг явна гэсэн мэдээллийг манай оюутнууд яаж авсан бэ?
-Энэ мэдээллийг сонсоод, оюутнууд хоорондоо зөвлөлдсөн. Нөхцөл байдал дэндүү эрсдэлтэй байгаа учир болгоомжилж, дөрөв нь амь эрсэдсэн ч хамаагүй явъя гээд такси хөлслөөд төв вокзал руу хөдөлсөн байна лээ.
Замдаа таксиныхаа жолоочтой танилцаж, ярилцаад үлдсэн найзуудаа тэр таксигаар дөрөв дөрвөөр нь татаж, бүгдээрээ вокзалд ирсэн. Юутай ч бүгдээрээ галт тэргэнд сууж, аюултай бүсээс гарч чадсанд ар гэрийнхэн бидний сэтгэл уужирч байна.
-Хоёр дахь галт тэрэг эхний галт тэрэгнээс хойш хэдэн цагийн дараа хөдөлсөн бэ?
-Хоёр цагийн дараа хөдөлсөн. Манай оюутнуудын байсан хоргодох байранд дэлбэрэлт болсон байна лээ. Манайхан авхаалжтай байж, амжиж гарцгаалаа. Дэлбэрэлт, буун дуутай орчинд эрсдэл хүлээж вокзал руу гарсан эхний дөрвөн оюутанд бид баярлаж байна.
-Оюутнууд Львов хот руу очиход манай ЭСЯ-ны ажилтнууд хүлээж авах уу?
-Тэгнэ гэсэн. ЭСЯ-ныхан оюутнуудаа хүлээж байгаа. Львовоос Польш руу гарна гэсэн мэдээлэл өгсөн гэв.








































