Жо Байден: Дэлхий нийт ОХУ-д хариуцлага тооцох болно
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Оросын цэргийн хүчнийхний дайралт бол үндэслэлгүй дайралт” гэж хэлсэн зүйлдээ хариулт өгөв.
Тэрээр “Бүх дэлхий Украины ард түмэнтэй хамт байна” гэж хэлэв. Тэрбээр ОХУ-ын “Ерөнхийлөгч Путин олон хүний амь насыг авах, зовлон зүдгүүрийг авчрах урьдчилан төлөвлөсөн дайныг сонгосон” гэж хэлэв.
“Энэ дайралтын авчрах үхэл, сүйрлийн хариуцлагыг Орос дангаараа хүлээх бөгөөд АНУ болон түүний холбоотнууд, түншүүд нэгдсэн бөгөөд шийдэмгий байдлаар хариу арга хэмжээ авах болно. Дэлхий нийт ОХУ-д хариуцлага тооцох болно.
Цагаан ордноос нөхцөл байдлыг ажиглаж, G7-ын удирдагчидтай уулзаж, Орост “цаашид үзүүлэх үр дагаврыг” зарлах болно. Мөн НАТО-гийн холбоотнуудаас “хүчтэй, нэгдмэл хариу барих бөгөөд энэ нь НАТО-гийн гишүүдийн эсрэг аливаа түрэмгийллийг таслан зогсоох болно” гэж мэдэгдлээ.
Холбоотой мэдээ: Шуурхай: Украины хотуудад хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдож эхэллээ
Украины томоохон хотуудад хүчтэй дэлбэрэлтийн чимээ дуулдаж эхэлсэн талаар CNN агентлаг дамжууллаа. Тодруулбал
Киев: Украины нийслэл Киев хотод байрлах CNN агентлагийн сурвалжлагчид хотын зүүн зүгээс олон улсын нисэх онгоцны буудлын чиглэлд дэлбэрэлт болж байгааг сонссон байна. Олон улсын нисэх онгоцны буудал хотоос 25 километрийн зайд байрладаг. Мөн нийслэлийн зүүн зүгт байрлах Бориспил дүүрэгт хэд хэдэн дэлбэрэлт болсон тухай цахим сүлжээнд хотын оршин суугчид нийтэлсэн талаар мэдээлэв.
Харьков: Украины хоёр дахь том хот болох Харьковын зүүн хойд хэсэгт маш хүчтэй дэлбэрэлтийн дуу чимээ тасралтгүй үргэлжилсэн байна.

Краматорск: Салан тусгаарлагчдын хяналтад байдаг Донецк хотоос хойд зүгт 120 километрийн зайд орших Краматорск хотын хоёр иргэн хоёр удаагийн хүчтэй дэлбэрэлт болсон талаар CNN-д мэдээлжээ.
Днепр: Хотын төвд оршин суугчид CNN-д хэлэхдээ хэд хэдэн удаа дэлбэрэлт болсон талаар сонссон гэжээ.
Одесса: CNN-ийн баг Хар тэнгисийн боомт хотод ойролцоогоор 20 минутын зайтай хоёр том дэлбэрэлт болсныг сонссон байна.
Мөн үүнээс гадна Запорожье, Мариуполь хотуудад дэлбэрэлт болсон гэв.
Эргэн сануулахад ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Донбастт цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэнээ мэдэгдэв. Тэрбээр Донбасс дахь Бүгд Найрамдах Ард улсуудын ард түмэн тусламж хүссэн Орост хандсан. Үүнтэй холбогдуулан тус бүс нутагт цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэн гэсэн юм.
Эх сурвалж: CNN








































