Сахал байхгүй мөртлөө
“Сахал” хэмээх хочтой
Сайхан найзгүй хэрнээ
Саарал ордоноор танилтай
Үйлдвэр бариагүй мөртлөө
Үрэлгэн зардал ихтэй
Үндсэн хөрөнгөгүй хэрнээ
Өчнөөн олон эзэмшилтэй
Модоо барих нь холгүй явсан энэ хүн
Молхи дээдсийн тархийг атгаж
Монголын толгой баян болж дэвшсэн нь
Манай нийгмийн эмгэнэл юмаа!
Ууталж завшсан олон тэрбум төгрөг нь
Уужим ходоодыг нь цатгаж дийлээгүй
Уршиг дагуулсан улаан луйврыг нь
Утгаар нь илчлээд ч зогсоож чадаагүй
Хулгайд гаршсан мөнхүү хувалз
Хурааж цуглуулахаар дуншиж сэрдэг
Хуулиар дархалсан эрхэм дээдсүүд нь
Хумсалсан мөнгөнөөс нь тоншиж суудаг
Нам дагасан олигархиуд нь түүнийг
Найдваргүй зээлдэгч болгож дөнгөсөн
Мал дагаагүй Эрдэнэбилэг нь харин
Манлай уяач болж мандах шахсан
“Эрдэнэ”-ээр бөөлжиж, “билэг”-ээр төгссөн
Ийм сайхан нэртэй хэрнээ
Элгэн түмэндээ эрхгүй адлагдаж
Эрлэгийн дансны эхэнд бичигдсэн
Ингэж амьдрах чамд тэгээд сайхан байх уу?
Ичгүүр сонжуургүй мэлзээд л суух уу?Илжиртэл нь овоолсон тэрбум, тэрбум зоосноосоо
Идэж уугаад дундруулж гавьсан ч юмгүй
Эргүүлж төлөлгүй тас гүрийсээр байгаад
Элгэндээ тэвэрсээр “авс”-андаа ороод тайвшрах
ИЙМ Л ХУВЬ ЗАЯА ЧАМАЙГ ТОЙРОН ЭРГЭЛДНЭМ…








































