“Тусгай үүргийн нислэгээр гадаадаас ирсэн хоёр иргэнээс “Омикрон” хувилбар илэрч, Монгол Улсад тус халдварын хоёр тохиолдол бүртгэгдэв” гэсэн мэдээлэл мэдээллийн сайтуудаар цацагдсан нь саяхан.
12 дугаар сарын 21-ний 12:01 цагт Эрүүл мэндийн яамны албан ёсны пэйжид “Мэдээллийн сайтууд дээр гарсан гадаадаас ирсэн 2 иргэнээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа бөгөөд одоогоор Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй байна” гэсэн мэдэгдэл гаргасан.
Гэтэл ДЭМБ-ын албан ёсны вэбсайтад 2021 оны 12-р сарын 21-ний өдөр оруулсан “COVID-19-ийн халдвар судлалын долоо хоног тутмын мэдээ”-нд Омикрон хувилбар илэрсэн орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан байна.
Гэхдээ “○” тэмдэглэгээтэй баруун дээд хэсэгт нь од тавьж онцолсон. Од тэмдгийг шинээр бүртгэгдсэн үед тавьдаг ба “○” /цагаан бөөрөнхий/ тэмдэглэгээний тайлбарыг “энэ хувилбарын мэдээлэл ДЭМБ хараахан баталгаажаагүй бөгөөд нэмэлт мэдээлэл гарах үед хянан үзэх болно” гэсэн байдаг. /зургаас харна уу/
ДЭМБ тухайн улсын халдварын тархалт болон хувилбарын талаарх мэдээллийг зөвхөн мэргэжлийн байгууллагын зүгээс өгсөн мэдээлэлд тулгуурлан гаргадаг. Ямар нэг мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээнд тулгуурлан тайланд тусгах боломжгүй.
Тиймээс Монгол Улсад Омикрон хувилбар илэрсэн тухай мэргэжлийн байгууллагын зүгээс ДЭМБ-т мэдээлсэн гэж үзэх үндэслэлтэй. Харин ЭМЯ, УОК-оос олон нийтэд уг мэдээллийг үгүйсгэн хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргалаа.
Эх сурвалж: Mfcc.mn








































