Мисс Э.Урангоог “Universe best songs” тэмцээнд оролцон дуулж байснаар нь хүмүүс сайн мэддэг. Цагаан хоолтой мисс Э.Урангоо олон оролцогчдоос сонгогдон, “Мартагдашгүй намар 2” киноны гол дүрд тоглосон. Дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг, фото модель, мисс гээд тал талын авьяастай Э.Урангоогийн үндсэн мэргэжил нь маркетингийн менежер.
Мисс бүсгүй одоо аав, эгчийнхээ үүсгэн байгуулсан “Монкрем” компанид гүйцэтгэх захирлын албан хашиж байгаа. Хувийн бизнестээ түлхүү анхаарч, сайн менежер, залуу удирдагч гэдгээ аав ээждээ, олон түмэнд харуулж явна. Мисс модель болохоор компанийнхаа “Халгай” зэрэг брэндийн нүүр царай нь ч болчихдог.
Харин өнгө зүстэй, нэр төртэй, хувийн компани бизнестэй мисс Э.Урангоо одоогоор нөхөр байтугай найз залуугүй. Э.Урангоо “Universe best Songs” наадмын шилдэг оролцогч болсноос UBS телевизийн хөтлөгч болтлоо дэвшихдээ тус телевизийн хөтлөгч Э.Гантулгатай хайр сэтгэлийн холбоотой байлаа. Тэд хэсэг хугацаанд хамт амьдарч, хурим найрын сураг ч дуулгаж байв.
Гэхдээ тэд гэнэт хоёр тийш болж, тус тусынхаа амьдралын зам мөрийг хөөсөн. Хөтлөгч Э.Гантулга мөн л “Universe best songs” наадмын шилдэг оролцогч Б.Золжаргалтай хуримаа хийж, хүүхэдтэй болсон. Харин мисс Э.Урангоо “Монкрем” компанийнхаа ажилд илүү анхаарч, их завгүй байгаа тул ойрын жилүүдэд нөхөртэй болж, хувийн амьдрал зохиохгүй гэжээ.