MУИC- ийн Йнтропологи, apxеологийн тэнхимийн ахлах багш C.Бямбадоржтой үндэсний их баяр Цaгaaн caрын тaлaaр coнирхолтой яриа өрнүүллээ.
-Сайн байна уу. Бид эрт дээр үеэс сар шинэ буюу Цагаан сарын баярыг тэмдэглэж ирсэн. Та судлаач хүний хувьд Цагаан сарын баярын түүхээс ярьж өгч болох уу?
-Дэлхийн аль ч ард түмэнд он цагийн тоололтой холбоотой ёслолууд байдаг. Ялангуяа сэрүүн бүсийн орнуудад хаврын улирал буюу дэлхийн амьдрал эргэн дэгждэг, өвс ногоо ургадаг, өвлийн хатуу ширүүн амьдралыг давсныхаа дараа хаврын баярыг тэмдэглэх тохиолдол байдаг. Оросууд хаврын баяр гээд Мacленица буюу шар тосны баяр хийж байх жишээтэй. Байгаль дэлхийтэйгээ зохицож амьдардаг нүүдэлчин бидний хувьд улирлын баяр их чухал. Ийм баярын нэг нь л Цагаан сар. Бид нар шинийн нэгэн гээд жилд нэг удаа яриад байгаа болохоос цаг улирлын жирийн тооллын хэмжээсээр бол сар болгонд л шинийн нэгэн байгаа шүү дээ. Тэгэхдээ cap болгоныхыг биш улирал тутамдаа нэг, нэг тодорхой өдрийг сонгож аваад тухайн улирлынхаа шинж чанарыг харуулсан тахилга, баяр ёслол, зан үйл хийдэг уламжлал байсан. Хуучин Хүннүгийн үед дөрвөн улирлын тахилга гэж байсан. Их Монгол Улсын үед ч гэсэн “Дөрвөн цагийн их хурим” гээд байдаг л байсан. Тиймээс Цагаан сар бол Монголчуудын уламжлалт их баяр юм. Ер нь эрдэмтдийн дунд янз янзын судалгаа бий л дээ. Жишээлбэл, намар тэмдэглэдэг байсан гээд. Тэрэн дээр бол бүх эрдэмтэд санал нийлж чадахгүй байна. Намар тэмдэглэдэг байсан юм бол хэдэн сард тэмдэглэдэг байсан юм, яаж тэмдэглэдэг байсан юм гээд. Магадгүй энэ намрын баяр гэдэг бол нөгөө дөрвөн улиралд тэмдэглэдэг байсан баярын нэг байх бүрэн боломжтой. Хаврын баяр буюу Цагаан сарын баярыг бусад улирлын баяраас онцгойлж тэмдэглэдэг болсон нь Чингис хааныг хаан ширээнд суугаад Их Монгол Улс байгуулагдсантай холбоотой. Тэрнээс хойш бар сард Цагаан сарыг тэмдэглэх болсон. Бар сар нь одоогийн тооллоор ихэвчлэн хоёрдугаар сард таардаг. Хуучин бол ахуйн шинжтэй л баяр байж. Тэгэхээр энд ахуйн шинжтэй баяраас төрт ёсны баяр болох хувирал явагдсан. Энэнээс хойш бар сардаа тэмдэглэж байгаад хожуу Европын календарь буюу нийтийн тоололтой болоод шинэ жил гэдэг давхар баяр тэмдэглэх болсон. Дээрээс нь улс төрийн янз бүрийн шалтгаанаар хорих тохиолдол бол байсан. Тэр үедээ малчдын баяр, нэгдэлчдийн баяр гэж хязгаарлагдаж явсаар байгаад өдийг хүрсэн. Ингээд 1990-ээд оноос жинхэнэ утгаараа Монголчуудын төрт ёсны баяр болоод тэмдэглэж байна.
-Энэ жил Цагаан сарыг цаг үеийн нөхцөл байдлаас болж тэмдэглэнэ, тэмдэглэхгүй гэцгээж байна. Тэмдэглэнэ гэвэл гэр гэртээ золгоод өнгөрөх хэрэгтэй гэх юм. Хэрвээ тэмдэглэхгүй гэвэл Монголчууд тэгж чадахгүй гэж байна. Түүхэндээ Цагаан сарыг тэмдэглэхгүй хориглож байсан тохиолдол бий юу?
-БНМАУ-ын маршал Х.Чойбалсан битүүний өдөр нас барахад албан ёсоор Цагаан сарыг цуцалж байсан. Бүх нийтийн гашуудлын өдөр болж байгаа юм. Гэхдээ тэр үед харилцаа холбоо сул байсан учраас хөдөө газрынхан тэмдэглэж л байсан. Тухайн үеийн төр засгийн бодлогын дагуу Цагаан сарыг хэт хувийн шинжтэй баяр байна ч гэж үзсэн. Бүр устгаж чадахгүй ч энэ бол малчдын баяр, нэгдэлчдийн баяр хотод сууж байгаа улсуудад бараг хамаагүй гэсэн ийм байдлаар зарлаж хорьсон. Намайг бага байхад (Социализмийн үед) ээж аавыг Цагаан сарын баяраар заавал ажил нь яс бүртгэнэ. Амралтын өдөр таарах юм бол цасны баяр, зугаалгад явна. Хандгайтад очиж гулгана. Тэрэнд очоогүй хүнийг намын бодлого шийдвэрийг эсэргүүцэж, ажил тасалсанд тооцож, энгийн үеэс илүү шийтгэл онооно. Тэгэхээр тэр үед бодлогоороо хавчиж л байсан байгаа юм. Гэхдээ Монголчууд хот байна уу, хөдөө байна уу хамаагүй нууцаар, гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглээд ирсэн. Зарим нь бүр ингээд хавчаад ирэхээр 12 дугаар сарын 31-нд болдог шинэ жилийн баяртай давхцуулаад Цагаан сараа тэмдэглэх болсон. Монголчуудад л байдаг нэг сонин заншил байдаг даа. Гацуур дээр мөнгө тавьдаг. Бодоод үзэхээр хаанаас гарсан заншил юм мэдэхгүй. Энэ нь социализмын үед шинэ жил, Цагаан сар хоёрыг хавсруулаад тэмдэглэж байсныг харуулж байна. Бид настнууддаа барьдаг хадаг, мөнгө, хүүхэд багачуудад өгөх бэлэг гэх мэт олон гар цайлгах асуудал явж явж тэр үед гацуур руу шилжчихээд л тийм үзэгдэл гарсан. Тэгэхээр нийгэм гэдэг өөрөө амьд организм. Тиймээс өөрөө зохицоод л тухайн үеийнхээ нийгэм, улс төр, эдийн засаг, үзэл суртлын байдалтай зохицоод бага сагаар хувираад явах боломжтой. Тэрний л жишээ. Ер нь цагаан сарыг албан ёсоор хориглосон тохиолдол бол БНМАУ-ын Маршал Х.Чойбалсанг нас барсан тохиолдол. Тэрнээс өөр Цагаан сарыг албан ёсоор хориглож байсан түүх байхгүй. Энэ жил Цагаан сарыг яг хориглоно гээд батлаагүй байна. Цаад учир шалтгаантай нь холбож үзвэл төр юу гэж шийднэ тэрийг дагахаас өөр сонголт байхгүй.
-Цагаан сарыг эхэндээ хувийн баяр байж байгаад төрийн баяр болсон гэж та хэлсэн л дээ. Хэрвээ төр нь үүнийг хоригловол иргэд хэрхэн хүлээж авах бол?
-Энэ тулгарч байгаа өвчний аюул заналтай холбогдуулаад үзвэл хориглоход нэг их алдаад байх зүйлгүй. Хүмүүсийг бол бүгдээрээ нам суугаад Цагаан сарын баяраа тэмдэглэхгүй байна гэж бодохгүй байна. Хөдөө гадаа өвчин зовлон багатай байдаг ч юм уу аав ээждээ очоод золгочих хүмүүс байж л байгаа. Гэхдээ төр нь хорьчихвол Цагаан сар нь хувийнх болно. Хувийнх болоход өөрсдөө тэр өвчин зовлон, тахлыг тараачихгүй гэж үзэж байгаа тохиолдолд нэг золгох хэмжээний юм бол байх л байх.
-Коронавирусийн халдвар нь агаар дуслын замаар болон хавьтлын замаар халддаг. Сүүлдээ бүр хүний биеэс ялгарч байгаа бүх шингэн зүйлээр халдаж байна ч гэсэн судалгаа гарсан байна. Гэтэл бид Цагаан сараар нэгийгээ үнсэж золгодог. Тэгэхээр энэ нь халдвар дамжуулах эрсдэлтэй болоод байгаа юм. Зарим хүмүүс халдвараас сэргийлж малгайгаа аван ёслох, хүүхдийг духан дээр нь үнэрлэж болно гэж ярьж байна. Ер нь золголтыг орлох ямар нэгэн заншил бий юу?
-Цагаан сарын хүндэтгэлийн зан үйлийнх нь хамгийн гол элемент нь золгох. Тэр үнсэх, үнсэхгүй байх нь өөр хэрэг. Монголчууд одоо л хацар дээрээ үнсдэг болчихсон болохоос биш жаахан хүүхдийг магнай дээр нь үнсдэг байсан. Өвчин яг одоо илрээд бүр байдал хүндэрвэл бас хэцүү. Тиймээс тэр бол хувь хүмүүсийн л асуудал. Ер нь ийм зүйл дээр залуучууд биш настангууд анхаарах ёстой. Залуучууд тэд нарын л үгээр байна шүү дээ. Тэд нар “за энэ жил золгохгүй шүү” гэдэг юм уу. Эсвэл энэ жил их өргөн хавтгайрахгүй шүү гэдэг ч юм уу. Тэд хариуцлагатай, санаачилгатай байх ёстой. Зүгээр золгохгүйгээр мэндлэх арга байдаг гэвэл зан үйл, заншил зохиочих гээд болохгүй байна л даа (инээв). Хоёр гараа дэлгээд бөхийсхийгээд байж болно. Хамгийн гол нь хувийн ариун цэвэртээ л бид анхаарах хэрэгтэй. Хэдийгээр ээж аав, эмээ өвөөдөө очиж байгаа ч гэсэн хувь хүний өөрийн хариуцлага байх ёстой. Тиймээс Цагаан сарыг ёслоод өнгөрдөг нь юу юм гэхээс хавтгайруулж болохгүй байх гэж бодож байна. Бид чинь цөөхүүлээ шүү дээ.
-Нөгөө талаар бид Цагаан сарыг тэмдэглэхдээ билэгдэл гэдэг зүйлийг мартаад байх шиг. Цагаан сар тэмдэглэх гол билэгдэл нь юу вэ?
-Цагаан сарын баяр өөрөө асар том билэгдэл юм. Монголын ард түмэн уламжлалдаа Цагаан сарыг аль болох өнгөтэй өөдтэй сайхан өнгөрөөхийг боддог. Үүнийг ёслол төгөлдөр, эмх журамтай, элбэг дэлбэг, билэгдэл сайтай өнгөрүүлэх юм бол тэр жилийнх нь ажил үйлс их сайхан өөдрөг байна гэдэг үзэл юм. Тэр нь буддын шашнаар хэлбэл засал маягтай. Тэгэхээр хүмүүс энэнд нь зориулаад чадах ядахаараа Цагаан сарынхаа баярыг сайхан тэмдэглэе гэсэн хүсэл эрмэлзэл үүсдэг. Энэ хүсэл дээр нь л жаахан ялгаа гараад ирдэг. Тэрийг нь зарим улсууд баярхлаа, гайхууллаа гэдэг. Гайхуулж байгаа ганц нэг хүн байж болно. Гэхдээ аль ч ард түмэнд ийм асуудал байж л байдаг. Хүний нийгмийн л асуудал. Сүүлийн үед хүмүүс их шүүмжилдэг болсон нь бэлэг. Зарим чадалтай нэг нь том бэлэг өгдөг. Тэр нь бусдыгаа чирээд байна гэдэг. Яг үндсэндээ бол аливаа нийгэмд хүн өөрийнхөө байгаа чадлаар амьдардаг. Тийм учраас тэрэнд чирэгдэж байна гэж үзэж байгаа бол тэр хүний буруу. Бид өөрсдийнхөө хэмжээ хэмжээгээр амьдрах ёстой. Том бэлэг өгөх нь өгч л байг. Цагаан сарын уламжлалдаа бол хэдэн төгрөгийн бэлэг өгнө гээд хязгаар тогтоогоод өгчихсөн юм ерөөсөө байхгүй. Бид нар нийгмээ хараад жаахан эдийн засгийн бухимдалтай байгаа үед өөрөө чирэгдэж байгаа юм шиг санагдаад, бусдаасаа ялгарахгүй гэдэг хүний төрөлхийн үзэл байна. Ялангуяа нийгэм нь голлочихсон ийм үед бусдаас ялгарахгүй юм шүү гэсэн оролдлогууд байна. Тэгэхээр энэндээ татагдаад бухимдаад байгаа юм шиг.
-Цагаан сар баяр гэхээсээ илүү бидний асар том соёл. Энэ соёлын үнэ цэнийг алдагдуулахгүй байхын тулд ард иргэд цаашдаа юунд анхаарвал зүгээр гэж та бодож байна?
-Бид нар өөрсдийнхөө уламжлалыг авч явж байж нэг үндэстэн, угсаатан болдог. Цагаан сарыг цаашдаа хэт их хүндрэлгүй тэмдэглэх асуудал зайлшгүй чухал болоод байна. Одоо чинь ямар нийгэмд амьдарч байгаа билээ, хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ. Бид нар өнжин хонон, найрлаж болдоггүй, цагтай уралддаг үед амьдарч байна. Энэ их хурдтай нийгэмд тодорхой хэмжээний өөрчлөлт гарах ёстой. Ямар ч зан үйл (баяр ёслол) анх үүссэн тэр чигээрээ хадгалагдаад ирдэг юм биш. Тэр завсар гол элементүүд нь хадгалагдаад бусад нь цаг үедээ тохирон шинэчлэгдэж явдаг. Тиймээс Цагаан сарыг тэмдэглэхийг хөнгөвчлөх ёстой.
-Яг юуг нь хөнгөвчлөх юм бэ?
–Билэгдлийн талыг нь хөнгөвчилж болохгүй л дээ. Тэгэхээр билэгдлийн талаа барина гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүн сайн сайхан байх, сэтгэлээ засах, үр удамдаа сургааль номоо айлдах, өөрийн үр удмаа бүртгэх гээд Цагаан сарын гол гол зүйлүүд байж байх ёстой. Үгүйдээ л гэхэд бие биедээ хадаг бариад золгодог тэр заншил байж л байх ёстой. Энэ бол нөгөө соёл, зан үйлийнхээ мөн чанарыг хадгалсан хамгийн гол хэсэг. Тэгэхээр бид цаг үедээ тааруулан идэх уух юмны асуудал, хэтэрхий их нийгэмдээ татагдаж үргүй зарлага гаргах, эдийн засгийн асуудлыг зайлшгүй бодох хэрэгтэй. Энийг хөнгөвчлөх хэрэгтэй. Эцсийн эцэст цагаан сарыг хүн болгон өөрийнхөө чадалд тохируулан хийх ёстой баяр. Харин тэр чадалдаа тохируулж хийсэн цагаан сарыг билэгдэл нь дүүргэчихдэг тийм л баяр. Тэгэхээр билэгдлээ дагаж хийвэл манай цагаан сар гэдэг үнэхээр сайхан ёс заншил, баяр наадам, соёлын үнэт өв. Энийг бид хадгалах нь гарцаагүй. Хадгалах ч ёстой. Хамгийн гол нь зан үйл тухайн нийгэмдээ зохицоод тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байдаг гэдгийг мартаж болохгүй. Өнөөгийн цагаан сар гэдэг чинь Богд хаант Монгол улс анх байгуулагдаад хийж байсан цагаан сараас олон зүйлээр өөр болсон байгаа шүү дээ. Богд хаант Монгол Улс байгуулагдаад ерөөсөө хоёр гуравхан сарын дараа цагаан сар тэмдэглэхэд Монголчууд асар их ач холбогдол өгч тэрэн дээр ёстой бие биенийгээ чирч байсан. Тэр чинь аргагүй шүү дээ. Тусгаар улс болсны баяр хүн болгон хөгжчихсөн, баярласан, хөөрсөн тусгаар улс болсныхоо анхны төрт ёсны баяраа тэмдэглэж байна гээд тийм их нүсэр тэмдэглэж байсан. Тэрний уламжлал одоо болтол явж байх боломжтой. Өнөөдөр бидэнд өөрчилж болохоор зөндөө л зүйл байна.
-Жишээлбэл?
-Aйл болгон ууц тавина гээд байдаг. Бүхэл бүтэн хонь тавьчихаж байгаа шүү дээ. За яах вэ бид хүндэтгэлийн зүйлийг буруушаах эрхгүй. Гэхдээ Монголчуудын уламжлалд хүн болгон бүхэл хонь тавьдаг байсан тэр үеийн нөxцөл байдал огт өөр болсон байна. Тэр дээр үедээ ч гэсэн айл болгон бүхэл хонь тавьдаггүй л байсан. Үүнийг төрийн ёслолын хэмжээнд хэрэглэдэг байсан эд. Хошуу ноёд, баян хүмүүс байж болох. Борчууд бол ууц тавина. Гэтэл үүнээс гарах аргыг уламжлалдаа заагаад өгчихсөн байдаг. Эхлээд бүтэн хонь тавина. Дараа нь ууц тавьж болно. Дараа нь хагас бүхэл (дал, дөрвөн өндөр, сүүл, шаант чөмөг гэх мэт) тавьж болно. Энэ нь өөрөө бүтэн хонийг төлөөлөх чанартай. Заавал ууц тавиагүй бол Цагаан сар хийгээгүй айл шиг байна гэсэн үг биш. Зан үйл тодорхой цаг хугацаандаа өөрчлөгдөж явдаг. Гэтэл энэ өөрчлөлтийг хийх арга нь угаасаа Монголчуудад байж л байгаа юм байна. Монголчууд хэлдэг шүү дээ. Өгье гэвэл ганцаасаа, байгаагаа барьдаг нь хүний ёс гээд. Хүн Цагаан сараар айлд ороод тавган дээр байгаа ууцыг бүгдийг нь идчихдэггүй биз дээ. За авaaд ир гээд өмнөө тавьж байгаад хутга гаргаж ирээд сайхан мөлжөөд тавьчихдаггүй. Орж ирсэн хүмүүс амсаад л, амсаад л. Ер нь их олон хүн амсах ёстой эд л дээ. Энэ нь идэх зориулалттай гэхээс илүү тахилын зориулалттай. Хэнд тахил өргөөд байгаа юм гэхээр нөгөө бурхан, тэнгэр, өвөг дээдсийн сүнс. Ерөнхийдөө судлаачдын үзэж байгаагаар өвөг дээдсийн онгод сахиусанд тахил өргөдөг. Өөрөөр хэлбэл өвөг дээдсийн сахиусыг урьж, залж ирээд тэрэндээ таваг идээ засаж өгөөд тэрнээсээ өөрсдөө хувь хүртэж байгаа юм. Бид нар бэлэг гэж яриад байгаа нь хувь юм шүү дээ. Социализмын үед хүмүүст бэлэг гэхээсээ илүү тавгын идээ, боов, махнаасаа тараагаад өгдөг байсан. Тэгэхээр хувь гэсэн утга нь илүү. Бид нарын ойлгоод байдаг бэлэг гэсэн утга биш. Хүмүүс үүнийхээ учрыг мэдэхгүй байна.
-Ярилцсанд баярлалaa
Эх сурвaлж: Itoim.mn