Хойд Америк болон Европт хавар ирснээр гадaa хооллож, цэцэгт нугаар дугуй унан, цэцэрлэгт хүрээлэнд завиар зугаалах таатай нөхцөл бүрдээд буй. Гэвч энэхүү тааламжтай сайхан цаг агаар ирээдүйд зуны аагим халуунаар солигдоно гэж эрдэмтэд таамаглаж байна.
“Айсуй” ноцтой өөрчлөлт
Зуурхан тохиодог энэ таатай үе богино санагдаж болох ч хугацаа нь уртасна гэж найдах үндэслэл байгаа аж. Ядаж л дэлхийн зарим хэсэгт.
Энэ зууны төгсгөл гэхэд дэлхийн хойд хэсгийн орнуудад өвлийн эхэн сард нарлаг бөгөөд хавар шиг урин өдрүүд жирийн үзэгдэл болно. Харин өмнөд хэсэгт буюу экваторын бүсүүд болоод Өмнөд Европ, АНУ-д жилийн турш хэт халуун, эсвэл хэт хүйтэн биш өдрийн тоо ерөнхийдөө цөөрнө.
Энэ бол гуравдугаар сард Journal of Climate сэтгүүлд нийтлэгдсэн Массачусетсын Технологийн Сургуулийн (MIT) нэгэн инновацлаг судалгааны дүгнэлт юм. Тус судалгаагаар цаг уурын өөрчлөлтийн урт хугацааны нөлөө дэлхийн тодорхой байршлуудад ямар байдлаар илрэхийг таамаглажээ. Ингэхдээ цаг уурын 50 моделийн датаг нэгтгэж, 2100 он гэхэд нэр бүхий байршлуудад “гадуур гарахад таатай” өдрүүдийн тоо хэд байхыг тооцоолохыг зорьсон байна.
Дээрх нэр томъёоны хувьд гадуур үйл ажиллагаа зохиоход агаарын хэм ихэнх хүмүүст тохиромжтой түвшинд (өвлийн спортыг тооцоогүй) байхыг хамруулан ойлгож болно. Үр дагавар нь амьдралын чанар болоод аялал жуулчлалын хувьд асар их.
Ингээд энэхүү “айсуй” өөрчлөлтөөс хохирох, хожих улсууд байж таарах нь.
“ОХУ, Канад болон хойд хэсгийн бусад улсуудын хувьд ирээдүйд гадаа цаг өнгөөрөхөд тааламжтай өдрүүдийн тоо нэмэгдэнэ. Нөгөө талдаа Кот’д Ивуар тэргүүтэй хөгжиж буй орнуудад ийм өдрийн тоо цөөрнө” хэмээн судалгааны багийн гишүүн, MIT-ийн судлаач Ёну Чой онцолж байна.
Хамгийн хүчтэй нөлөө тропикийн бүсүүдэд илрэх бөгөөд Доминиканд тааламжтай цаг агаартай өдрийн тоо 2100 он гэхэд 124-өөр цөөрөх бол Мексик, Энэтхэг, Тайландад мөн ижил өөрчлөлт гарах аж. Өөрөөр хэлбэл тааламжтай цаг агаартай өдрийн тоо 55-86-аар хорогдох юм байна.
Монголд эсрэгээрээ, гэхдээ…
Тэгвэл эрс тэс уур амьсгалтай Монгол Улсад гадаах үйл ажиллагаа явуулахад тохиромжтой цаг агаар Цельсийн 10 хэмээс 25 хэмийн хооронд гэж үзвэл 2100 он гэхэд нэг жилд тохиох ийм өдрүүдийн тоо одоогийнхоос 16 орчмоор нэмэгдэхээр байгааг дээрх судалгаа харуулж байна. Харин боломжит хамгийн дээд хувилбараар тооцвол 20 хүртэлх өдрөөр ч нэмэгдэж магадгүй аж.
Дулаан, таатай өдрүүдийн тоо нэмэгдэнэ гэдэг нь сайхан сонсогдож болох ч Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хамгийн ихээр нэмэгдсэн орнуудын нэгт багтаж буйг санах хэрэгтэй.
НҮБ-ын судалгаагаар сүүлийн 70 жилд Монгол Улсын уур амьсгал цельсийн 2.1 хэмээр дулаарсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн даац хэтэрсэн шалтгаанаар нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжин доройтжээ.
Түүнчлэн Азийн Хөгжлийн Банкны 2021 онд хийсэн судалгаанаас үзвэл Монгол Улсын агаарын хэмийн дулаарлын түвшин дэлхийн дунджаас хамаагүй илүү буюу энэ зууны төгсгөл гэхэд дундаж агаарын температур хамгийн ихдээ цельсийн 5.3 хэмээр дулаарах төлөвтэй аж. Харин 2050-аад оны үед ган, хуурайшилтаас шалтгаалсан малын хорогдлын тоо 50 орчим хувиар нэмэгдэх тооцоог НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын судалгаанд дурдсан байна.