Эрдэнэбүрэнгийн УЦС-н ажлыг эхлүүлэх, тухайн бүтээн байгуулалт хийгдэх газар луу техник хэрэгслийг оруулах ажил Увс аймгийн Өмнөговь сумын нутагт өрнөж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан техник хэрэгслүүдийг “Шижигтийн хавцал” руу хүргэх замыг бэлдэх ажил эхлэж байна. Цагдаагийн алба хаагчид тус сумын Улиаст багийн нутагт өчигдрөөс эхлэн ажиллаж байна.
Учир нь нутгийн иргэд болох Улиаст багийн 125 айл Эрдэнэбүрэнгийн УЦС-н ажлыг эсэргүүцэн Цагдаагийн алба хаагчдыг техник хэрэгслээ оруулахыг эсэргүүцжээ. Нутгийн иргэд тус хэсгийн газрыг хамгаалан 24 цагаар байрлаж байгаа аж.
No description available.
Тэгвэл Увс аймгийн Өмнөговь сумын иргэд яагаад энэ бүтээн байгуулалтын ажлыг эсэргүүцэж байна вэ?
… Цаазын ялны өмнө ч гэмтний сүүлийн үгийг нь сонсдог. Гэтэл газар нутгаа хамгаалан тэмцэж буй малчдын “юу яриад байгаа”-г нь огт сонсохгүйгээр чихээ таглаж байгаад, өөдөөс нь олуулаа “шантаажчин” хэмээн орилж, “чанга хашгирсных нь зөв болдог” буруу жишгээр цөөнхийн дуу хоолойг хааж боосон үйл явдал Увс аймгийн Өмнөговь сумын ард иргэдэд тулгараад байна. Тэдний өмнөөс “тэнэг малчид, хэдхэн малчны асуудлаас илүү улсын эрх ашгийг бодох ёстой” хэмээн орилолдож байгаа нь “10 хүний зургаа нь амьд үлдэхийн тулд дөрөв нь үхсэн ч яахав” гэсэнтэй агаар нэг байна.
Өмнөговь сумын малчид “Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцыг яагаад бариулахгүй” гээд байгаагаа тайлбарлаж ярьсаар байна. Эрхэм уншигч та ч бас “Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг бариулах ёстой” гэж орилохоосоо өмнө “яагаад” гэдэг шалтгааныг уншаад үзээрэй.
Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах Шижигтийн хавцал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт байрладаг. Тухайн хавцалд Ховд голын усыг боож, далан барина. Тухайн далангаас дээш, голын урсацаа дагаад нийт 9871.1 га талбайд хиймэл нуур үүсгэнэ. Тухайн хиймэл нуурын өргөн нь 4 км, урт нь 30-аад км байх ба энэ хэмжээний газар бүхэлдээ усан доор үүрд живнэ гэсэн үг.
Тэгвэл энэ газарт Ховд гол дагуух улиас, бургас, хайлаас, чацаргана, харгана бүхий битүү ой төгөл, Өмнөговь сумын Улиаст багийн төв, бага сургууль, цэцэрлэг бүхий 17 байшин барилга, 125 малчны өвөлжөө хаваржаа, хадлангийн талбай, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын бага сургуулийн барилга, 145 малчны өвөлжөө хаваржаа, хадлангийнн талбай, мод үржүүлгийн газар, ногооны талбай байгаа юм. Энэ бүхэн дээрх 300-аад малчин өрхийн үе дамжин нутаглаж ирсэн нутаг, амьжиргаагаа залгуулж ирсэн үндсэн хэрэглүүр юм. Энэ л үржил шимт талбайгаагаас Өмнөговийн сум нийт хадлангийнхаа 80 хувийг бэлдэж, Баяннуур сумын тариаланч ард түмэн аймгийнхаа хүнсний ногооны дийлэнх хувийг хангадаг. Ийм л учраас тэд “амьжиргааны үндсэн хэрэглүүр” болсон нутгаа хиймэл нуурын усанд үүрд живэхийг эсэргүүцэж, тэмцэж байгаа юм.
Монгол Улс эрчим хүчний хараат бус байж, эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг байх нь нэн чухлыг “тэнэг” хэмээн цоллуулж буй тэмцэгч малчид бүгд ухамсарлаж буй. Технологи, инноваци хөгжсөн энэ цаг үед дэлхий даяар нар, салхины зэрэг цахилгаан станцуудыг бий болгож байна. Манай улс ч тэдгээр сонголтуудаас бүтээн байгуулалтыг хийж, байгал орчноо хамгаалан үлдэх боломж бий. Монгол Улсын гурван сая хүн амын хамгийн багадаа 3000 нь, нэг сум даяараа Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцэж байна. Тэд олонх биш ч тэд Монголчууд мөн. “Арван хүний зургаа нь амьд үлдэхийн тулд дөрөв нь үхсэн ч яахав” гэсэнтэй агаар нэг цөөнхийн эсрэг орилолдож, нийгэм даяараа “шившиглэх”-ээсээ өмнө “гол сэдэв”-ээ дахин судлах нь чухал байна.