Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбартаа хэрэгжүүлж буй бодлого, цаашдын үйл ажиллагааны чиглэлээ сэтгүүлчдэд танилцуулсныг тоймлон хүргэж байна. Эрүүл мэндийн салбарын төсөв 2020 онд 36.9 тэрбум төгрөг байсан бол коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор төсөв эрс нэмэгдэж, 2021 оны байдлаар 122.7 тэрбум төгрөг болжээ.
2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн хүссэн хүн бүрд эмийг эрүүл мэндийн даатгалаар, хөнгөлөлттэй үнээр олгож эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд 60 тэрбум төгрөг төсөвлөсөн ч 2021 оны дүнгээр төсөв 68.9 тэрбум төгрөг болох тооцоо гарсан байна.
Эмийг хөнгөлөлттэй үнээр олгохоос гадна эмийн чанарыг орхигдуулахгүй. Улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх 385 байгууллага эм болон эмнэлгийн техник хэрэгслийг нийлүүлж байна. 2021 оны нэгдүгээр сард ЭМЯ-ны харьяа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдсанаар эм үйлдвэрлэгч компаниудтай гэрээ байгуулж, чанартай эмийг хямд үнээр нийлүүлэх чиглэлээр жиллж байна. Тухайлбал, Швейцарийн Novartis эмийн үйлдвэртэй гэрээ байгуулж, 12 эм тус бүрийг үйлдвэрийн үнээр нь буюу нэг эмийг нэг доллараар авахаар болжээ.
Эрүүл мэндийн салбарын ажилчдын үндсэн цалин хөлсний дунджийг 2020 оны байдлаар авч үзвэл:
- Эмчийн цалин- 847.300 төгрөг
- Сувилагчийнх- 712.200 төгрөг
- Дэмжин туслах ажилтны цалин- 531.900 төгрөг
Нэмэгдэл цалинг оруулан тооцвол /дунджаар/ :
- Эмчийнх- 1.300.000 төгрөг
- Сувилагчийнх- 1.100.000 төгрөг
- Дэмжин туслах ажилтны цалин- 824.400 төгрөг байна хэмээн танилцуулав.
Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэх шаардлага хүргүүлснийг сайд С.Энхболд дурьдаад ийм боломж байхгүй. Харин эмнэлгүүд үйл ажиллагааны гүйцэтгэлээс давсан орлогоор ажилтнуудынхаа цалингийн 20 хувиар нэмж урамшуулах боломжтой гэлээ.

Эмч мэргэжилтнүүд цалин дээрээ ажлын гүйцэтгэлээ үнэлүүлж, 20 хувийн урамшуулал авах боломж нь нээлттэй. 2022 оны Улсын төсөвт эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн шатлалын доод хэмжээг нэмэхээр шийдвэрлэж, шаардлагатай санхүүжилтийг Эрүүл мэндийн сайдын багцад тусгасан 367 тэрбум төгрөгөөс гаргахаар болсон. Учир нь эмч, мэргэжилтнүүдийн ажлыг гүйцэтгэлээр нь дүгнээд эхлэхэд муу ажилласан буюу ажлын үзүүлэлт тааруу хүний цалин буурах сөрөг талтай хэмээн асуудал дэвшүүлсэн. Тиймээс 2022 оны төсөвт цалингийн доод шатлалыг нэмэгдүүлэх хөрөнгийг тусгасан хэмээн Сангийн сайд Б.Жавхлан нэмж тодруулсан.
Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт 2015 онд 39 онош байсан бол 2020 онд энэ үзүүлэлт 26 болон буурчээ. Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх иргэдэд болон салбартаа дэмтэй нэг том бодлого бол эрт илрүүлгийг эрчимжүүлэх явдал. Учир нь нэг хүн өвдвөл дунджаар 11.2-11.3 сая төгрөг зарцуулагдана. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүр өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх үзлэг буюу эрт илрүүлэгт хамрагдвал 56 мянган төгрөг зарцуулна. Эрт илрүүлгийг сайжруулснаар хүн амын дундаж наслалтыг 5-аар нэмэгдүүлэх боломжтой.
Эрүүл мэндийн даатгалын сан нь Улсын төсөв, эмнэлгийн үйл ажиллагааны нэмэлт орлого, иргэдийн төлсөн шимтгэлээс бүрддэг. Монгол Улс ДНБ-ийхээ 3.5 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Үүнийг 4-5 хувьд хүргэх бодлого барьж ажиллана.
Улс орнууд эрүүл мэндийн салбартаа ДНБ-ийхээ хэдэн хувийг зарцуулдгийг харвал:
- АНУ- 14 хувь
- Франц- 9.6 хувь
- Герман- 9.4 хувь
- Япон- 9.1
- Бельги, Недерланд тус бүр- 8.4 хувийг зарцуулдгаараа дэлхийд тэргүүлж байна.
Хөгжсөн улс орнууд эрүүл мэндийн салбарын зардлынхаа дийлэнх буюу 60 хувийг анхан шатны тусламж үйлчилгээнд зарцуулдаг бол манай улсад энэ үзүүлэлт 20-хон хувь байна. Хөгжсөн улс орнуудад салбарын төсвийнхөө 20 хувийг нарийн мэргэжлийн тусламжид зарцуулдаг бол манай улсад 40 гаруй хувь байгаа юм. Тиймээс цаашид хөгжсөн улс орнуудын жишгээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон анхан шатны тусламж үзүүлдэг эмнэлэгт зарцуулах төсвийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллах юм байна.
Иргэд хөнгөн өвдсөн ч өрхийн эмнэлэгтээ очихоос илүү төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийг зорьдог нь гурав дахь шатлалын эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлдэг. Анхан шатны тусламж үзүүлдэг эмнэлгүүдээ бэхжүүлснээр эрүүл мэндийн салбарын төвлөрлийг сааруулах, эрт илрүүлэх зэрэг давуу талтай бөгөөд 2025 онд хүн амын дундаж насыг 5-аар нэмэгдүүлэх зорилгодоо хүрэхэд дөхөм болно хэмээн бодлого боловсруулагчид үзэж байна.








































