Ихэнх жүдо бөх сонирхогчид Японы төрийн дууллыг цээжээрээ мэддэг гэхэд хэлсдэхгүй. Жишээ нь, ДАШТ-ий эхний дөрвөн өдрийн байдлаар Японы таван тамирчин алтан медаль хүртэж, Ташкентын тэнгэрт төрийн дууллаа эшиглүүлээд байна.
Харин тэмцээний гурав дахь өдөр МУГТ Ц.Цогтбаатар эрэгтэйчүүдийн -73кг жинд алтан медаль хүртсэнээр Ташкентад Японы төрийн дуулал дөрөв дараалж тоглогдсон цувралыг зогсоосон билээ. Тэрээр тэмцээний дараа “ДАШТ-д түрүүлж, олимпын хүрэл медалиа ахиулах зорилготой ирсэн. Миний туйлын зорилго бол олимп, дэлхийн аварга болох. Нэг зорилгоо биелүүлж чадсандаа туйлын баяртай байна” гэх сэтгэгдэл илэрхийлсэн.
Тэгвэл Олон улсын жүдо бөхийн холбоо(IJF) шинэхэн дэлхийн аварга Ц.Цогтбаатарыг өндөр зорилготой, тэрнийхээ хэрээр сайн бэлтгэл хангаж байгааг онцолжээ. Мөн Монголын жүдо бөхийн шинэ үеийн хамгийн том төлөөлөгч. Тэрээр цаашид илүү өсөж, хөгжих потенциалтай. Жүдо бөх сонирхогчид Монгол Улсын төрийн дууллыг цээжилтэл олон тэмцээнд түрүүлэх боломжтой гэж тодорхойлсон байна.