УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэнг хууль хяналтын байгууллага шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Г.Өлзийбүрэн нь өмгөөлөгч Б.Баасанцогт нартай хамт ял наймаалцахад зуучилдаг байж болзошгүй, гаалийн байцаагч нарт нөлөөлж, хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн, “Ариг” банкны хувьцааны асуудал, коронавирусын эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагааг харлуулах захиалгыг нэр бүхий хүмүүст өгсөн, газрын тосны болон уул уурхайн бусад лицензүүдийг хууль бусаар эзэмшилдээ оруулсан эсэх асуудлаар шалгаад багагүй хугацаа өнгөрч буй аж. Тэрээр ОХУ-ын Ленинград хотын их сургуулийг төгссөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Газрын тосны газрын даргаар ажиллаж байх үед хамгийн олон үл хөдлөх хөрөнгөтэй хүн гэгддэг байв. “Лотс инвест”, “Сентоза фоод корт” гэх хоёр компанитай. Г.Өлзийбүрэн хагас жилийн өмнө 439 дүгээр хорих ангид очиж “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн,”хар” хочит Б.Отгонбаатартай уулзсан. Энэ нь хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татаад авсан. Б.Отгонбаатарыг мөрдөн шалгаж байх үед оффшор дахь дансанд нь их хэмжээний мөнгө байгаа нь илэрсэн байна. Энэ нь Б.Отгонбаатарыг шоронд эргэхэд хүргэж буй талаар эх сурвалжууд мэдээлж байв.
Эх сурвалж: 24tsag.mn