Эрүүл мэндээ боддог, хоолны дэглэм барьдаг, фитнесст явдаг эмэгтэйчүүд голдуу улс “Фитнесс хаалттай тав хоногийг яаж барна. Гэрт байхаар гоё гоё хоол хийж идээд эсвэл захиалаад аймаар таргалах байх” гэж ярьж байна лээ. Идэвхитэй амьдралтай тэдний хувьд хөдөлгөөн маш чухал гэдэг нь эндээс харагдана.
Ар гэр нь өлөн зэлмэн сургууль цэцэрлэг дээрээ “Үдийн цай”, “Өдрийн хоол” гэдгээр голоо зогоодог хүүхдүүд бий. Тэдний хувьд ар гэрийн тааламжгүй байдал, согтуу аав ээжээсээ зугтаах газар бол сургууль, цэцэрлэг юм. Түр зуур ч болов сэтгэл амардаг орогнодог газар нь хаагдчихаар тав хоног тарчилдаг юм байгаа юм биз дээ.
Зах, дэлгүүрт ачаа буулгадаг, барилгын туслах ажил хийн өдрийн хоолоо өдөр өдөрт олдог олон зуун айл өрх, залуус бий. Тэд сар бүр цалинтай ажилд ордоггүй учир амьдрал нь зогсчих гээд байдаг юм билээ. Оройдоо 20 мянган төгрөг олоод ирэнгүүт тав хуваагаад залгичихдаг юм.
Тэдний хувьд өлсөх магадлалтай, ажлаа хийх гэж бодсон тарчилгаатай тав хоног өнгөрөх болно. Эрүүл мэндийн салбар, цагдаа тагнуулынхан тав хоног гэртээ байгаа бидэнд атаархан “Жаргаж байна уу” хэмээн асууцгаана. Яг үнэндээ хэвийн хэмнэлттэй амьдралд алдагдаад Монголчууд санаа зовцгоож байна.
Ийм хөл хорио, өвчин дайрангуут бага ч гэсэн цалинтай ажил, түгжрэлтэй ч чөлөөтэй тэнэдэг хот маань сайхан санагдах юм. Зарим хотын иргэд хөдөөний малчид халдваргүй, мах нь үнэд ороод жаргаж байгаа байх гэж бодож магадгүй.
Малчид ч гэсэн хотод суугаа үр хүүхэд, ач нартаа санаа зовон цай сүүнийхээ дээжийг төрийн сүлдэндээ өргөж “Өвчин тахал холуур өнгөрөг” хэмээн залбирч суугаа. Энэ зовлон монголчуудын төдийгүй хүн төрөлхтөнд ирсэн гай зовлон.
Шадар сайд Я.Содбаатар хөл хорионы үеэр ажиллаж байсан туршлагатай тайван хүн атлаа хөл хорио тогтоох үеэр хоолой нь чичирч байгаа үзэгдэв. Тэр хүн бас айдастай, санаа зовсон байдалтай байгаа нь илт. Энэ цөөхөн хоногт илэрхий ядарсан, хөгширсөн шинжтэйг үзвээс унтаж амрах завгүй яваа нь илт.
Энгийн үед зөндөө муулдаг ч аюул гамшгийн үед Я.Содбаатар аврагч аятай нүдэнд дулаахан харагдах юм даа. Энэ тав хоногт халдвараа хумиад авбал ард түмэн сонор сэрэмжээ нэмэгдүүлж “Хэнэггүй, дураараа” зангаа татах юм шүү.
Яах гээд байгаа нь тодорхойгүй тав хоногийг төр засагтаа найдаж үлдээгээд 11 цагийн мэдээгээ үзээд суухаас өөр зүйл алга. Гэртээ ингэж тарчилж суугаа нь төр засагтаа, түмэн олондоо нэмэр болно гэж үзээд гарч орохгүй хариуцлагатай байгаа гэдгээ илтгэе.