Хотын захиргаа нүүж, “Хангарди” ордон эзгүйрнэ. Тиймээс Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас Нийслэлийн засаг захиргааны “Хангарди” ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа зарлажээ.
Дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоож, 4 тэрбум 342 сая 340 төгрөгөөр дэнчингийн хэмжээг тооцох юм байна. Хотын А зэрэглэлийн бүс дэх энэ барилгыг 2008 онд конторын зориулалтаар барьж, ашиглалтад оруулсан.
Цутгамал төмөр бетон суурьтай цутгамал төмөр бетон араг бүтээцтэй төмөр бетон дам нуруутай цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэцтэй шилэн фасадтай төмөр вакуум цонхтой зоорийн давхраас гадна 15 давхар. Барилгын суурийн урт 30 м, өрогөн 18 м бөгөөд 2 дугаар давхраас дээш бүх давхар нь нүүр хэсгээрээ буюу баруун талдаа 18 м-ийн урттай, 1.5 м-ийн өргөнтэй консолийн хэсэгтэй, 3-15 давхрын урт 34 м өргөн 19 м өргөнтэй. Нийт 9774.7 мкв талбайтай, зоорийн давхартаа 10 машины гаражтай, 589м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хамт худалдах юм гэнэ.
Хэдийгээр нээлттэй дуудлага худалдаа гадна, дотнын ямар ч хэнбугай ч оролцох эрхтэй хэмээж байгаа ч дуудах доод үнэ нь цочроож буй юм. Учир нь, тус ордны эсрэг талд буюу Сүхбаатарын талбайн зүүн талын хуучин хэвлэх үйлдвэрийн барилгын зөвхөн газрыг нь 2015 онд дуудлага худалдаагаар “Таван богд” групп 23 тэрбум төгрөгөөр авч байсан. /Анхны дуудах нь үнэ нь 7 тэрбум байсан./
Харин энэ удаа бүхэл бүтэн обьектыг 43 тэрбум гаруй төгрөгөөс эхлэн дуудах гэж байгаа нь цаад утгаараа хэн нэгэнтэй хийгдчихсэн тохироо юм биш биз гэх хардлагыг төрүүлж буй юм. Тэр ч утгаараа цахим сүлжээнд МАН-ын хэн нэгэн “босс” эсвэл урт гартынх нь эзэмшилд очих нь тодорхой боллоо хэмээж эхэлсэн болов уу.
Чоно борооноор гэгчээр өнгөрсөн зун буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ буюу олны нэрлэж заншсанаар “Автобус-3”-ын нийт 8 барилга объектыг, газартай нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар худалдаж авсан байдаг.
Түүний эзэмшлийн “Камдер” ХХК дуудлага худалдаагаар ердөө 20 тэрбум төгрөгөөр авсан байдаг. Уг нь анх 2015 онд зарахаар төлөвлөсөн боловч автобуснуудаа байлгах газаргүй, газрын маргаан гэх зэрэг олон асуудлаар өнөөг хүрсэн байдаг. Контор /3 давхар/-ын барилга, үйлдвэрийн, манаачийн, диспетчерийн, агуулахын байр, 87 автобусны гараж зэрэг нийт 9639м.кв талбай бүхий 8 барилга байгууламжтай, 25.000 м.кв эзэмшил газартай Улаанбаатар хотын “А” бүсэд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай уг газрын нээлттэй дуудлага худалдааны доод үнийг тухайн үед 26 тэрбум 432 сая 700 мянган төгрөгөөр үнэлж байж. Гэвч 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр буюу сонгууль дуусахаас 20 хоногийн өмнө тухайн газрын үнийг 15.8 тэрбум төгрөг болгон бууруулж, дуудлага худалдааг зохион байгуулсан байдаг.
Ингээд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар жил ирэх тусам өссөөр байгаа газрын үнийг буулган, Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлэн ашигтай байрлал бүхий 8 объектыг өөрийн болгож чадсан.
Харин энэ удаа “Хангарди” ордныг дуудлагаар худалдах үйл явц дээрхтэй адил өрнөх юм биш биз гэх хардлагыг төрүүлэхээс аргагүй. Магадгүй бүр аль нэг шатны сонгуулийн санхүүжилтийн өр төлөөсөнд хямдхан “чулуудахаар” төлөвлөсөн ч юм билүү хэн мэдлээ. Юутай ч хотын төвийн А зэрэглэлийн газарт байрлах 15 давхар барилга бүхэлдээ 43 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэнэ гэдэг хэтэрхий хямдхан биш гэж үү.
Эх сурвалж: Erennews.mn