Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын галдан шатаагч Цагдаагийн хэлтэс рүүгээ утас цохиж “Би энэ долоо хоногт галдан шатаахгүй. Та нар тайван амгалан амарч болно” гэсэн гэх юм. Тэгэхдээ утасныхаа дугаарыг нууцлахаа мартсангүй. Цагдаагийн хэлтэс гэмт этгээдийг сургуулийн хүүхдүүд байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлж, аймгийн төвд эргүүл хамгаалалтаа сайжруулжээ. Нутгийн оршин суугчид хэзээ улаан гал ороод ирэх бол гэсэн айдаст автсан гэнэ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд гарсан гал түймэртэй адил төстэй хэрэг Хэнтий аймгийн Батширээт суманд 1997 оноос хойш тасралтгүй гарч байгаа билээ. Тэрхүү галдан шатаалтыг шашны зан үйл, өшөө авалт, мэдрэл муутай хүний үйлдэл гэсэн олон таамаг бий. Мөн Батширээтийн галдан шатаагчийг барилаа гээд нэгэн этгээдийг зурагтаар зарлаж, ярилцлага өгүүлж байв. Гэсэн хэдий ч галдан шатаалт үргэлжилж иргэд хохирсоор. Энэ үйлдлийг хийсэн гэж сэжиглэгдэн сэтгэл санаагаар хохирсон Батширээт сумын уугуул, яруу найрагч А.Түмэнбаяртай уулзаж ярилцлаа.
-Батширээтийн галдан шатаалт хэдэн удаа гараад байна?
-1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабанди ялсан шөнө Соёлын төв, цахилгаан холбоо, Батцэнгэл гэдэг иргэний байшинг шатаагаад эхэлсэн. Үүнээс хойш 43 байшин, саравч хашаа, өвс шатаасантайгаа нийлээд 60 гаруй үйлдэл болсон. Сая таван сард Батширээт сумын иргэн Энхтайваны дэлгүүрийг шатаалаа. Банкнаас хорин сая төгрөгийн зээл авч, нийт 40 саяын бараа авсан байж. Ингээд энэ айлын амьдрал сүйрч, хоёулаа алтны нинжа болохоор ярьж явна лээ.
-Энэ хэрэгт олон хүн сэжиглэгдсэн гэсэн?
-Үе үеийн цагдаа нарын алдар нэрийн мөрөөдөл байсан учраас Батширээт сумын Засаг даргаас эхлээд сургуулийн хүүхэд сэжиглэгдэн шалгагдсан. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга асан н.Болдбаатар Хэнтий аймагт сүр бадруулан очиж галдан шатаагчийг барилаа гэж зарласан ч худлаа болсон. Би ч бас галдан шатаагч гэж зарлагдан шоронд хүртэл сууж нэр төр, сэтгэл санаагаар хохирч явлаа.
-Яг хэдэн он юм бэ?
-1999 оны намар айлын байшин шатахад хамгийн түрүүнд очиж унтраахгүй юу. Гэтэл сумын цагдаагийн төлөөлөгч Гантулга “Гал гарахыг урьдчилан мэдсэн”гэж сэжиглэн аймгийн цагдаад бариулсан. Аймгийн мөрдөнд Батболд гэдэг цагдаагийн “бууны нохой”- д сар гаруй хугацаанд тамлуулсан. Дэд хурандаа Болдсайхан “бууны нохой”-тойгоо харьцахаас биш надаас мэдүүлэг авдаггүй байлаа. “Бууны нохой” өдөрт гурван удаа гадуур гарч, гуанзанд хооллож ирээд намайг “байцаадаг” байсан юм. Цагдаа нар ийм аргаар л ажлаа хийдэг юм билээ. Миний хэрэг цайрч, сумын цагдаагийн төлөөлөгч Гантулгыг хоёр сайн шанаадаад л өнгөрсөн. Тэр нөхөр дараа нь цагдаагаас хөөгдөж, хулгайч болсон гэж сонсогдсон шүү.
-Танд ямар нэг таамаг байдаг уу?
-Надаар тогтохгүй манай сумынханд таамаг бий. Дээхнэ үед манай сумыг татан буулгаад Өмнөдэлгэртэй нийлүүлэхээр яригдсан юм. Тэр үед цөөхөн хүн дэмжээд бусад нь эсэргүүцсэн. Хамаатан саднаараа Батширээтийг татан буулгахыг дэмжсэн тэр айл галдан шатаагч байж болох талтай. Тэгээд сумыг нүүлгэх гээд гал тавиад байдаг болов уу гэсэн таамаг бий. Тэр айл 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртөж, үе удмаараа ихээхэн зовлон амссан хүмүүс дээ. Надад галдан шатаагчийн талаар хэд хэдэн сэжиг таамаг байгаагийн нэг нь энэ.
-Таны яриад байгаа айлын хүүхэд галдан шатаагч гэдгээ хүлээсэн гэлүү?
-Тэгсэн. Гэтэл түүнийг мөрдөнд байх үед галдан шатаалт ширүүссэн л дээ. Тэгэнгүүт цагдаа нар буруу мөр хөөгөөд явчихлаа гээд суллачихсан. Ах дүү нар нь шатаагаад эхэлсэн байж болох шүү дээ. Саяхнаас эгчийнх нь хүүхэд шалгагдаж байгаа сураг байна лээ.
-Галдан шатаагчийг харсан хүн байдаг байх шүү?
-Тийм ээ. Манай сумын иргэн Ганхуяг бас нэг эмэгтэйн хамт шөнийн гурван цагийн алдад байшингийн булан тойроод гартал галдан шатаагч гал шатаах гээд зогсож байсан байгаа юм. Их хүйтэн, шуургатай өвлийн шөнө байсан учраас галаа асаах гээд зогсож байж. Бэлтгэлийн өмд, эсгий гуталтай, 40 орчим насны эрэгтэй байсан гэж байгаа. Ганхуяг муухай хашгираад шороо самардсан. Нөгөө галдан шатаагч ч муухай орилоод зугтаасан гэж байгаа. Тэр байшинг тойруулаад чихэр, печениэр тахил тавьсан байдаг. Голдуу боломжийн амьдралтай айлыг галдан шатаадаг юм. Одоо айлын гэр шатахад хэн ч очихгүй. Яагаад гэвэл цагдаа нар “Гал гарч байгааг яагаад мэдэв” гээд л байцаана шүү дээ. Энэ хэргийг илрэхгүй байх бүх бололцоог цагдаа нар хаасан.
-Сэлэнгэ аймагт галдан шатаагч гарлаа. Батширээтийн галдан шатаагчтай холбоотой байж болох уу?
-Батширээтийн галдан шатаагч энэ үйлдлээрээ өшөө авалт, сумыг нүүлгэх шаардлагыг тавьдаг байж болох талтай. Сэлэнгийн галдан шатаагч удахгүй баригдана. Яагаад гэвэл ул мөр үлдээгээд байгаа юм билээ. Хэнтий аймгийн галдан шатаагчийн талаар хэд хэдэн таамаг бий. Тухайлбал галдан шатаагч уулнаас бууж ирдэг, 1937 оны хэлмэгдсэн хүний үр сад галаар тахил өргөдөг гэх мэт. Галдан шатаах гэмт хэргээс болж иргэд ядуурах, орон нутгаасаа дайжих, нэг нэгнээ хардах зовлонд унадаг аж. Харин Сэлэнгэ аймгийн цагдаа нар “Цагдаагийн байгууллагад хорссон хүүхдүүд галдан шатаагаад яваа байх” гэсэн таамаг дэвшүүлж хэд хэдэн хүүхдийг хорьж шалгасан ч галдан шатаалт үргэлжилсээр байгаа билээ.