Дөч гаруй жил хамт амьдарч, мөн дөчин жил тайзан дээр хослон дуулсан С.Вандан, Д.Дуламсүрэн хоёрыг монголчууд андахгүй. 2015 онд нийслэлд “Мартагдахгүй юмсан” тоглолтыг Самандын Жавхлан зохион байгуулж, нэрийг нь хүртэл өгсөн. Тоглолтод С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг оролцон дуулсан. Мөн С.Вандан, Д.Дуламсүрэнгийн том хүү В.Баттулга, бага хүү Б.Базаррагчаа, ач охин нь ч дуулж, аргагүй л гэр бүлийн тоглолт болсон юм.
Энэ үеэр С.Вандан, Д.Дуламсүрэн хоёр том хүү Вандангийн Баттулгадаа “Вансэмбэрүү” дуугаа өвлүүлнэ гэж ярьж байв. Харин өнгөрсөн жил дуучин “ёодол” Баярцэнгэл Вансэмбэрүүг дууг дуулж хүмүүст хүргэсэн. Залуу дуучин Баярцэнгэл “Вансэмбэрүү” дууг өөрийнхөөрөө сайхан дуулсан. Тиймээс хүүхэд залуус энэ уянгалаг дууг сонсох дуртай байлаа. Клип хийгээгүй энэ дууг Youtube-д аль хэдийнэ 3 сая 600 мянган хүн сонсжээ.
Баярцэнгэлтэй зэрэгцэн С.Вандан, Д.Дуламсүрэн хоёрын бага хүү В.Базаррагчаа “Вансэмбэрүү” дууг дуулсан. “Говийн хүүхнүүд”, “Хангайн хүүхнүүд”, “Амь нэгтэй аав охин” зэрэг хэдэн дуугаараа олонд танигдсан В.Баттулга ахынхаа дэргэд Б.Базаррагчаа “нялхаараа” дуучин. Тиймдээ ч олны зүрхэнд ортол дуулж чадсангүй. Харин клипэндээ ээжийгээ үүрч явааг нь хүмүүс хардаг.
Энэ дууг Б.Базаррагчаагийн дуулснаар 500 мянган хүн Ютубэд сонсчээ. Тиймээс түмэнд түгсэн “Вансэмбэрүү” дууг хэн илүү сайн дуулсан нь тодорхой. Харин рок попын залуу дуучин Баярцэнгэл “Вансэмбэрүү” дууг дуулсан нь нийтийн дууны “Тэргүүн хатагтай” МУГЖ Д.Дуламсүрэнгийн уурыг хүргэж, “Вансэмбэрүү” дууг Баярцэнгэл дуулах ёсгүй гэж загнаж, хүүгийнхээ дуулсан дууг битгий дуул гэж шахсан сурагтай. Дуучин Баярцэнгэл одоо “Вансэмбэрүү” дууг дуулахыг хүссэн хүмүүст татгалздаг болсон байна.