Ардчилсан дарга С.Эрдэнэ хэвээрээ гэдгээ харуулж УБЕГ-аас Ц.Тувааны хэрэглэж байгаа тамгыг хуурамч гээд зарлуулчихлаа. Тэгэхээр хуурамч тамгаар зохиогдсон Их хурал, дүрмийн өөрчлөлт гэдэг нь хүчингүй болов. Улсын бүртгэлийн Ерөнхий газар шуурхай ажиллаж байгаагаас үзвэл С.Эрдэнийн талд МАН байгаа гэдэг нь тодорхой болжээ.
Харин Улсын дээд шүүхийн Тамгын газраас Ц. Туваан гэдэг нөхрийг “АН-ын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсэн” гэж мэдээлэл хийв. Хамгийн инээдтэй нь АН-ын дүрмийн 5.12, 4.8-д АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч байхгүй. Улс төрийн намын дотоод хэрэгт Дээд шүүх оролцох эрхгүй гэх мэдээлэл байна.
Эндээс харахад Улсын дээд шүүхэд Х.Баттулга нөлөөлсөн нь тодорхой бөгөөд С.Эрдэнэтэй учраа ололцохоос өөр гарцгүй болсон бололтой. АН-ын дотоодын самууралд гишүүд дэмжигчид нь санаа зовонгуй байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сойж чадахааргүй байдал руу хүрч мэдэх юм.
Ц.Туваан нь өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын “Утсан хүүхэлдэй” гэдэг нэрийг зүүсэн агаад АН дотор С.Эрдэнийг дэмжих уур амьсгал ажиглагдах болжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг, Р.Амаржаргал нарыг дэмжих фракциуд илэрхий амилж байгаа нь харагдана.
Тамга тэмдэгний хэрүүл мэт харагдавч Ерөнхийлөгчид хэнийгээ дэвшүүлэх вэ гэдэг зодоон аль хэдийнээ өрнөж С.Эрдэнэ, Ц.Туваан гэдэг хоёр нөхрөөр илэрч байгаа юм. МАН-ын хувьд Х.Баттулгыг улс төрийн зорилгоор ашиглан хууль хяналтын удирдлагыг түүний нэрээр өөрчилж өөрсдийн хүнээ тавиад зайгаа барих болсон байна. Х.Баттулгын хувьд У.Хүрэлсүхийг хамтран зүтгэгч гэдэг байснаа болиод өрсөлдөгч хэмээн үзэн нүдэж гарав бололтой.