-Цонхоо онгорхой орхичихоод хулгайчийг буруутгах нь учир дутагдалтай-
Х.Бадамсүрэн, Г.Ёндон нар улсын мөнгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. Нэг нь 100 сая, нөгөөх нь 10800000 төгрөг л дөө. Гайхаад бичээд байх юм огт байхгүй. Яагаад гэвэл Х.Бадамсүрэн сарын 25 сая төгрөгийн цалинтай, жилдээ 500,000 ам.долларын урамшуулал авдаг болохыг “Монгол зэс” компани гаргаж ирсэн. Одоо ч энэ байдал хэвээрээ.
Тэд тендер шалгаруулалт, шахааны бизнесээ нуудаг атлаа 50 саяар массажны сандал, 500,000,000 сая төгрөгөөр машин авч буйгаа огт эмээлгүйгээр Ц.Элбэгдоржийн санаачилсан “Шилэн данс”-ндаа бичнэ. Яагаад гэвэл Х.Бадамсүрэнд 500 мянган ам.доллар авах урамшуулал өгнө гэсэн дүрэм журам бий. Мөн үнэтэй машин, 14 саяар мөнгөн аяга авах эрхтэй гэсэн хуулийн гаргалгаа байдаг. Үүнийг хуульчилсан хулгай гээд байгаа юм.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын эрх үүрэгт “Туулах чадвар өндөртэй, 0 км-тэй машин хоёр жил тутамд сольж уна” гэсэн заалт бий. Тийм учраас Ерөнхий захирал Х.Бадамсүрэн айж ичилгүйгээр олны нүдэн дээр авч унаж байна. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зочид төлөөлөгчийг улиралд 25 сая төгрөгөөр дайлах эрхтэй гээд бод. Энэ бол төрийн өмчит үйлдвэрийн газруудад байдаг журам учраас Х.Бадамсүрэн “Би хууль зөрчөөгүй учир ажлаасаа халагдахгүй” гэж бардам хэлж байна. Ингэж хэлсэн байна лээ, ингэж хэлсээр ч байх болно. Хууль зөрчөөгүй хүнийг та нар яаж чадахгүй “май” л гэнэ.
Тэтгэврийн насанд гарчихсан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамгаалалтад байдаг түүнийг яаж чадахгүй. Б.Цогтгэрэл яахав МАН-ынхаа эмзэг газраар жаахан эргэлдэж байгаад нэг тохироонд орно биз. МАН-ын Ц.Шаравдорж, Ө.Энхтүвшин гэх мэтийн нөхдүүд ингэж тохирдог, ажилд ордог арга барилд Б.Цогтгэрэл, О.Одбаяр тэргүүтэй “хаягдагсад” суралцаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн жинхэнэ хулгай, тендерийн маргаан “Шилэн данс”-нд бус хятад компаниудтай хийгддэг гэдгийг хуулийнхан мэднэ. Тус үйлдвэрийн орлогч захирлууд болох Д.Үүрийнтуяа, Д.Дэлгэрбаяр, П.Энхбат нартай холбоотой олон баримт факт байдаг ч улс төрийн хамгаалалтад орсон тэднийг ард түмэн хараахаас цааш хэтэрдэггүй юм.
Хамгийн гол нь улсаар эмчилгээний зардлаа төлүүлдэг, фитнесст явдаг, үнэтэй машин унадаг, хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлдэг Засгийн газрын дүрэм журам бий. Х.Бадамсүрэнгээс өмнө ч, одоо ч байсаар байгаа энэ дүрэм журмыг хэн батладаг вэ гэвэл У.Хүрэлсүх таны Засгийн газар юм. Цонхоо нээлттэй орхичихсон үед хөгшин хулгайч тэсэлгүй орно биз дээ. Тийм учраас ийм хулгай хийх боломж бүхий хууль дүрмээ засаач, хаалга үүдээ цоожлооч, харуул манаа гаргаач ээ.