Өнөөдөр тамхины эсрэг дэлхийн өдөр. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хүн төрөлхтний эрүүл мэндэд цар тахлаас дутуугүй хор хохирол учруулж буй тамхины эсрэг дуу хоолойгоо нэгтгэх өдөр. Тамхины эсрэг дэлхийн өдрийг энэ жил “Тамхинаас гарахаар шийд!” гэсэн уриан дор тэмдэглэж буй юм.
Тамхины хэрэглээний улмаас дэлхий дахинд жилд 8 сая гаруй хүн амиа алдаж буйгаас 1.2 сая нь дам тамхидалтын улмаас эрүүл мэндээрээ хохирч хорвоог орхижээ. Нас баралтын дийлэнхийг хөгжиж буй орны хөдөлмөрийн насны буюу 30-69 насныхан эзэлж байгааг ДЭМБ-аас анхаарууллаа. Өндөр хөгжилтэй орны иргэдийн дийлэнх нь тамхинаас татгалзсан бөгөөд өдгөө тамхичдын 80 гаруй хувь нь хөгжиж буй орнуудын иргэд болсон.
Дэлхий нийтэд эрүүл амьдралын хэв маяг ноёлж амьдралын буруу дадал хэвшлээ орхиж буй энэ цаг үед тамхи үйлдвэрлэгч, импортлогчид хүн ардынх нь эрүүл мэндийн боловсрол сул учир буурай хөгжилтэй орнуудыг онилж, зах зээлээ алдахгүйн тулд ил, далд сурталчилгааг тасралтгүй явуулсаар байна.
Монгол Улсын нийт хүн амын 24.2 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь тамхи татдаг.
Монгол Улсын нийт хүн амын 24.2 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь тамхи татдаг. Хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи болон тамхин бүтээгдэхүүн /электрон, халаадаг тамхи/ хэрэглэдэг. Тэдний тамхи хэрэглэж эхэлсэн нас 2005 онд 20.1 байсан бол 2019 онд энэ үзүүлэлт 18.9 болж залуужсан нь ЭМЯ-ны харьяа НЭМҮТ-өөс хийсэн судалгаагаар тодорхой болжээ. Мөн 13-15 насны хүүхдүүдийн 15 хувь нь тамхи татдаг гэхээр тамхичдын шинэ үе өсөж бойжиж байна.
Тамхи нь халдварт бус өвчинд өртөх суурь шалтгааны нэг бөгөөд зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнүүдийг өдөөгч хүчин зүйл болдог нь бидний хувьд шинэ мэдээ биш билээ. Тамхи эрүүл мэндийг хэрхэн хордуулж, дархлаа дарангуйлдгийг дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар ч батлан харуулж байна. Коронавирусийн халдварын улмаас хүндэрч, нас барсан өвчтөнүүдийн дийлэнх нь тамхи татдаг байсан учир эмч, мэргэжилтнүүд тамхинаас гарах уриалгыг дэлхий дахинд эрүүл мэндийн салбарынхан маш эрчимтэй явуулсаар байна.
Тамхинаас татгалзах зуун шалтгааныг нэрлэж болох бол тамхийг өмөөрөх нэг ч шалтгаан үгүй билээ. Гэтэл манай улсад яагаад тамхичдын эгнээ өргөжиж, нас улам залуужсаар байна вэ?
Тамхины цэгийн “хэнээ”…
29 настай залуу Г: Би ганцаараа бол өдөрт 7-8 ширхэг тамхи татдаг. Хамт олон болон хүмүүстэй уулзах тусам тамхи татах давтамж ойртож, өдөрт 15-20 ширхэг тамхи татдаг. Би өнгөрсөн наймдугаар сарын 12-нд менингитээр өвчилж, эрүүл мэндийн энэ ноцтой шалтгааны улмаас тамхийг хорихоос аргагүй болсон. Эмнэлэгт хэвтэж байхад эхэндээ тамхиа үгүйлж, байж яддаг байлаа. Надтай ижил оноштой хамт эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс ч ялгаагүй. Зарим нь тэвчээр алдаж, цонхон дээр очоод тамхиа сорж байна гэж сонсогддог байлаа. Миний хувьд эхний арваад хоногт тамхиа үгүйлж, тамхи л татчихвал гоё болох юм шиг бодогддог байсан ч сүүлдээ бодогдохоо больчихсон. Ингээд би 32 хоног огт тамхи татаагүй, болдог юм билээ.
Даанч эмчлэгдээд ажилдаа орсны дараа эргээд татаад эхэлсэн. Гэхдээ одоо тамхийг хаяхаар шийдсэн. Тамхинд эрүүл мэндэд хэрэгтэй зүйл нэг ширхэг ч байхгүй мэдэх тусам тамхинаас гарахыг хүсэх болсон гэв.
…Тамхи донтуулдаг учир сэтгэцийн өвчний ангилалд ордог аж. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд тамхины замбараагүй хэрэглээнээс шалтгаалж судас нарийсах өвчин нь хүндэрсэн 40 настай залуу иржээ. Царай зүс нь гундаж, харлан хатаж хорчийтлоо турсан түүний цус өтгөрч, цусан хангамж дутагдсанаас гараа тайруулжээ. Хоёр хөл нь мөн цэл хөхөрч, цусан хангамж дутагдсаны улмаас захын мэдрэл мэдээгүй болжээ. Одоо эрүүл мэндийн заалтаар бас л хөлөө тайруулахаас аргагүй хүнд байдалд орсон залуугийн талаар эмч нь халаглан ярилаа.
…Зүрх, судасны эмгэгийн чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний шигдээс оноштой хандсан 800 хүний 95 хувь нь тамхи татдаг байсныг тус эмнэлгийн эмч өгүүлэв.
Тамхи эрүүл мэндийг ингэж доройтуулахын дээр амиа алдах үндсэн шалтгааны үүсгэж байгааг Та анзаарав уу? Тамхины хэрэглээ амьжиргааны дундаж, дунджаас доош давхаргынхны дунд илүү их байгаа бөгөөд эрүүл мэндээр зогсохгүй эдийн засагт ямар дарамт болдгийг тамхичин хүн төдийлөн анзаардаггүй бололтой. Хөгжсөн улс орнуудтай харьцуулахад Монголд тамхины үнэ хямдад орох бөгөөд дэлгүүрүүдэд нэг хайрцаг тамхи 3000-7000 төгрөгөөр худалдаалагддаг нь манай эдийн засагт бол тийм доогуур үнэ биш. Дээр өгүүлсэн хоногт 15-20 ширхэг тамхи татдаг хүн өдөрт дунджаар 4000-5000, сард 120-150 мянга, жилд 1.4-1.8 сая төгрөгөөр өөртөө өвчин худалдан авч байна. Жилд ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг боловсролдоо болон гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулбал ямар үр дүн гарахыг Та төсөөлөөд үз дээ.
Тамхины замбараагүй хэрэглээнээс шалтгаалж судас нарийсах өвчин нь хүндэрсэн 40 настай залуугийн цус өтгөрч, цусан хангамж дутагдсанаас гараа тайруулжээ.
Тамхи эдийн засгаас гадна ажлын цагийн хулгайч гэдгийг бүгд мэдэх ч энэ талаар бодохыг хүсдэггүй. Нэг удаа тамхи татахад ажлын цагаас 5-20 минутыг хумсална. Эрүүл мэнд, эдийн засаг, ажлын үр бүтээмжтэй цагаа өөрийн хүслээр алдаж байгаагаа магадгүй Та анзаарч мэдсэн бол тамхинаас татгалзах шийдвэрээ гаргах цаг иржээ.
Тамхи бол чамирхал, нөхөрлөх, зугаацах шалтгаан огтоос биш. Тамхилах зуураа хов жив хөөрснөө “тамхины цэгт болсон яриа” хэмээн гайхуулж, хошигносон өнгө аяс нийгмийн сүлжээнээс анзаарагдах болов. Энэ нь хүүхэд, өсвөр насныханд тамхины талаар далд сурталчилгаа болон бууж байгааг анзааралгүй өнгөрөх ёсгүй. Дэлгэцээр гач буй хоёр кино тутмын нэг нь тамхийг сурталчилдаг Монголын нийгэмд жилийн турш тамхины эсрэг сургалт, сурталчилгаа явуулбал 4 хувь нь тамхиа хаяна гэсэн судалгаа гарчээ.
Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуульд:
- Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах;
- 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах;
- Цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд тамхи татахыг хориглоно гэсэн заалт бий ч хэрэгжилт хангалтгүй байгааг албаны хүмүүс мэдсэн ч ярихаас хэтрэхгүй байна.
Гаднын улс орнууд тамхины эсрэг хуулиа чангатгасаар байна. БНСУ-д хүүхдэд тамхи худалдсан бол тухайн дэлгүүрийн худалдаа үйлчилгээ явуулах эрхийг шууд хасдаг учир хууль нь төгс утгаараа хэрэгждэг. Тиймээс хөгжсөн улс орнуудад тамхины хэрэглээ эрчимтэй буурснаар тэр шахагдсан зах зээл хөгжиж буй орнуудыг онилж буй юм.
Монгол Улсын хувьд энэ эрсдэл хамгийн өндөр бөгөөд иргэдийн эрүүл мэндийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь зөвхөн улс орон төдийгүй дэлхий нийтийн асуудал болжээ. Тиймээс ДЭМБ-аас “Тамхинаас гарах амлалт-2021” аяныг дэлхийн хэмжээнд эхлүүлжээ. Цар тахлын энэ үед дэлхий дахинд олон сая хүн тамхинаас гарах хүсэлтээ илэрхийлсээр байгааг ДЭМБ-аас онцлоод Тамхины эсрэг дэлхийн өдрөөр хорт зуршлаасаа татгалзаж, амлалт өгөхийг уриалжээ.
Та ЭНД дарж, өөрийгөө болон улс орноо тамхинаас гарах амлалтаа өгч гарын үсгээ зурах боломжтой. Өнөөдөр тамхинаас татгалзах дэлхийн өдөр. Нэг өдөр тамхи татахгүй байхад дэлхий дахинд тамхинаас шалтгаалах нас баралтыг бууруулж чадна.