НИТХ-аас Монгол Улсын Нийслэл, Улаанбаатар хотын нэрийг өөрчлөх санал гарсан гэх мэдээлэл түгээд буй юм. Бид нийслэлийн төлөөлөгчдөөс ийм санал гарсан нь үнэн эсэхийг албаны хоёр эх сурвалжаас тодрууллаа.
Эхний эх сурвалж болох НИТХ-ын төлөөлөгч Ч.Наранбаяр нь “Сүүлийн хуралдаануудаар ийм асуудал яригдаагүй, анх удаа л сонсож байна” хэмээв.
Дараагийн эх сурвалж болгож, НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Ээлжит хуралдаан болон ээлжит бус хуралдаанаар огт ийм санал яригдаагүй. Анх удаагаа л сонсож байна” гэлээ.
Үндсэн хуулийн 13.1-д “…Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж заасан байдаг. Тэгэхээр нийслэлийн нэрийг солихоор бол Үндсэн хуульдаа гар хүрнэ гэсэн үг юм.
Монгол Улсын нийслэл нэрээ таван удаа сольж байсан түүхтэй.
- Өргөө /1639-1651 он/
- Номын хүрээ /1651-1706 он/
- Их хүрээ /1706-1911 он/
- Нийслэл хүрээ /1912-1921/
- Улаанбаатар хот /1924 оноос одоо хүртэл/
.
Манай Улаанбаатар
Өндөр сайхан байшинтай
Өргөн сайхан талбайтай
Түүх дурсгалын хөшөөтэй
Таримал ногоон цэцэрлэгтэй
Удаан жилийн түүхтэй
Улаанбаатар нийслэл
Ардын олон сургуультай
Аж үйлдвэрийн төвүүдтэй
Түг түмэн хүнтэй
Төрийн олон яамтай
Удаан жилийн түүхтэй
Улаанбаатар нийслэл
М.Чимэд