Украин улсад суугаа монгол иргэдээ татан авах ажлын явц, нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны яамнаас өдөр бүр 15.00 цагаас мэдээлэл хийхээ мэдэгдсэн.
Өнөөдрийн ээлжит мэдээллийн цагаар тус улсаас 2-р сарын 25-нд 4 иргэн, өнөөдөр Киев, Одесс хотоос нийт 16 иргэн Украины хил рүү ирж байгаа.
Иргэдээ угтахаар Унгар, Чех дэх Монголын ЭСЯ-ны ажилтнууд Польшийн хил дээр ирээд хүлээж байна. Иргэдээ авчрах ажилд дэмжлэг үзүүлэхээр ГХЯ-наас орос, польш хэлтэй туршлагатай дипломатчдыг өнөөдөр Варшав хот руу явуулсан гэж
ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлэв.
-Иргэдээ татан авахад Засгийн газраас хэдий хэмжээний төсөв зарцуулахаар төлөвлөсөн бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр, Иргэдийг татан авахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн. Энэ санхүүжилтийг гүйцэтгэлээр нь шийдэж явахаар болсон. Бидний тооцоогоор нэг иргэнийг татан авахад дунджаар 3-4 сая төгрөгийн зардал гарахаар байна.
-Харьковт байгаа иргэд хоол хүнсний дутагдал үүсэж байгааг мэдээлсэн. Сүүлийн өдрүүдэд ямар мэдээлэлтэй байна вэ?
-Харьковт байгаа оюутнуудтай өнөөдөр холбогдох дэлгүүрүүдэд хоол хүнсний зүйл хэвийн байгаа гэж мэдээлэл өгсөн. Дэлгүүрүүд бэлэн мөнгөөр болон картаар бараа өгч байна. Хэрэв хоол хүнсний хангамж муудвал тэнд байгаа украин иргэдээр дамжуулж оюутнууддаа тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулна.
-Мөнгө шилжүүлнэ гэж яригдаж байсан юу болсон бэ?
-Би оюутнуудтай утсаар ярьсан, дансны мэдээллээ ирүүлье гэсэн санал хэлсэн гэв.