ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ИДЭВХЖҮҮЛЭХ ЕРӨНХИЙ САЙДЫН “ТӨЛӨВЛӨГӨӨ”-2 ЦАХИМ ОРЧИНД ДАВАЛГАА ҮҮСГЭЭД ХИЙСЭХ ҮҮ
Kоронавирусний халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор өчигдрөөс буюу есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунгаар вакцинжуулахаар болсон.
Тэгвэл гурав дахь тунг эрчимжүүлэх Ерөнхий сайдын “төлөвлөгөө” олон нийтэд ил боллоо. Хэдхэн сарын өмнө “КОВИДГҮЙ ЗУН”-ыг амлаж, уриалж байсан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад “КОВИДГҮЙ ШИНЭ ЖИЛ”-ээ хамтдаа тэмдэглэхийг уриалав.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд болсон “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр энэ уриалгыг дэвшүүлсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахалтай тэмцэнэ. Цаашид аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлогыг эрхэмлэнэ. Ковидын бүүстэр тунгаа оны өмнө хийлгэцгээе. Бүгдээрээ гурав дахь тунгаа хийлгэж шинэ жилээ хамтдаа тэмдэглье. Түрүүн П.Батсайхан ерөнхийлөгч үнэн хэлсэн. Дэлхий цар тахлыг давсан даваагүй гэж хоёр хуваагдана. Монгол Улс чадсан улс байх ёстой” гэдгийг онцолсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлж буйгаар “КОВИДГҮЙ ШИНЭ ЖИЛ”-ийг тэмдэглэж чадах уу гэдэг нь коронавирусний бүрэн тун буюу гуравдугаар тундаа иргэд хэр идэвхтэй хамрагдахаас хамаарах аж.
Тэрбээр өмнө нь коронавирусний давтан тунг идэвхжүүлэхийн тулд “КОВИДГҮЙ ЗУН”-ыг хамтдаа угтацгаая” хэмээн уриалж байсан ч энэ нь талаар болсон. Харин түүний энэ удаагийн “төлөвлөгөө” хэр амжилттай болох нь удахгүй мэдэгдэх биз.
Монгол Улс дархлаажуулалтын хуультай. Хуульд зааснаар дархлаажуулалт нь сайн дурын үндсэн дээр хийгдэх ёстой. Харин коронавирусний дархлаажуулалт хүчээр хийгдэж байна гэдгийг иргэд хэлж, шүүмжилж буй. Ямартай ч гурав дахь тунг идэхжүүлэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “КОВИДГҮЙ ШИНЭ ЖИЛ”-ийг амлав.
Эргэн сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна.
Иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 1 гэхэд хөдөө, орон нутгийн насанд хүрсэн иргэдээ тус бүр эхний тунд хамруулж, долдугаар сарын 1 гэхэд нийт иргэдээ хос тунгаар хамруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эдийн засгийн эхний эерэг үзүүлэлтүүд гарч эхэллээ. Олон улсын байгууллагууд үүнийг онцолж байна. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээх уриалгыг дэвшүүлж байсан.
Б.Баатар
Эх сурвалж: 24цаг.мн