Түүхээ Хятадуудад худалдаж явсан Соёлын сайд асан С.Чулуун өндөр сэнтийгээсээ буугаад удалгүй өөр нэг түүхийн чухал байгууллагад даргаар томилогджээ. Тодруулбал, одоогийн Соёлын сайд Ч.Номин бөх зүрх гаргаж, монголын түүхийн 640 мянган нүүр баримтыг скайнердаж хятадуудад наймаалцсан С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилсон талаар тус яамныхан мэдээллэв. Гэвч олны нүднээс нууж, томилсон тушаалаа хав дарж, харанхуй өрөөнд цоожлоод удаж байгаа гэнэ.
Энэ музей бол өмнөх Байгалийн түүхийн музей юм. Монгол орны газарзүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой хосгүй үнэт 10 мянга орчим үзмэртэй. Цаашид Чингис хааны үүх түүхтэй холбоотой хосгүй үнэд олдворуудаар баяжиж, дэлхийд Монголыг гайхуулах том амбиц энэ музейд бий. Гэтэл ийм үнэт өв, түүхэн олдвороо балаг нь дуусдаггүй, хэрэг нь хуучраагүй С.Чулуун мэтийн “эвгүй гар”-д даатгаад сууна гэдэг хэний ч санаанд үл багтана. Түүхийн бүхэл бүтэн нэг үеийг харь гүрэнд хуулбарлаад зарчихсан хүнд бол нэг музейн хэдэн мянган үзмэрийг хольж солиод зарах бол энүүхэнд баймаар.
Монголчууд цагаа тулахдаа тийм ч тэнэг хүмүүс биш. Санах зүйлээ санаж, сайн муугаа ялгана. Соёлын сайд асан С.Чулуун нь Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн захирал байхдаа буюу 2012 онд тухайн үед Архивын Ерөнхий газрын дарга байсан түүхч Д.Өлзийбаатартай хамтран БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй нэгэн гэрээ байгуулж Монгол Улсын Үндэсний Төв архивт хадгалагдаж буй 1725-1911 оныг хүртэлх 200 орчим жилийг хамрах М1 данс: “Хүрээ сайдын хөмрөг”-ийн асар их архивын материалыг өнгөтөөр сканердаж, үнэгүй шилжүүлсэн байдаг. Энэ түүхийн хосгүй баримт урд хөршийн өмч болж, тэд эхний 20 ботийг хэвлэн Хятадад цахим худалдааны олон сүлжээгээр 2,700$ зарсаар байгаа.
Загас шарж буй хүнээ харж байдаг шүү, Ч.Номин сайд аа. Танд огт падлийгүй байж мэдэх ч түмэн олонд маш их хамаатай сэтгэлд сэвтэй, санаанд багтахгүй ийм томилгоо хийсний цаана ямар эрх ашиг нуугадаж байна вэ?