П.Анужингийн аав Р.Будын 700 адуунаас 300 адуу түймэрт өртжээ
Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдон 2004-2012 он хүртэл парламентын гишүүнээр ажиллаж байсан Р.Буд, 2012 онд “порно” гишүүн Зоригтод ялагдан, чуулганы танхимыг орхисон. Харин М.Зоригт Сүхбаатар аймагт удсангүй, тойргоо солин Дорнод аймагт өрсөлдөн ялагдаж, гэртээ байгаа. Замын сайн инженер Р.Буд одоо Авто замын газрын даргаар ажиллаж буй. Харин Р.Буд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ууган охин П.Анужин болон хэдэн хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж байлаа. Сайн сойсны хүчинд охин нь УИХ-ын гишүүн боллоо.
Харин аав Р.Будынх нь энэ удаа УИХ-д нэр дэвшилгүй өнжсөн нь нэгдүгээрт охин П.Анужиндаа боломж олгосон, аав охин хоёр зэрэг нэр дэвших боломжгүй, хоёрдугаарт хувийнх нь амьдралд асуудал гарсантай холбоотой гэлцэнэ. Тэр жилийн хавар Хэнтийн, Дорнод, Сүхбаатар аймагт гарсан их түймрийн үеэр Р.Будын адуу галан шуурганд өртөн 700 адуунаас 300 гаруй нь түймэрт өртсөн харамсалтай явдал болжээ. Тэр дотор нь улс аймгийн наадамд түрүүлсэн хурдан буян нь өртсөн гэнэ.
Сайн морь эндэхээрээ гурван жилийн гай авч явдаг гэлцдэг. Р.Буд уяачийн 300 гаруй морь түймэрт өртсөн болохоор түүнээс ч том гайг зайлуулан авч явсан байж магадгүй гэж сүсэгтэй хүмүүс залбирч байна. Дэлэнтэй юм дээшээ байдаг, малын буян барагдашгүй болохоор удахгүй экс гишүүн Р.Будын морьд өсөн нэмэгдэж өмнөх тоондоо хүрч байгаа гэлцэнэ.