Түгжрэлгүй болгочихвол БӨХ байсан ч талархана
Олон нийтийн эрх ашгийн төлөө хүчээр ч болов хотын асуудлуудыг шийдэхээр болж байгаа нь талархууштай. Дөнгөж өчигдөрхөн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар танилцуулсан бөгөөд Засгийн газраас хэдэн чухал шийдвэр гарсан. Тэдгээрийн нэг нь Улаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаар боллоо.
Энэ бол Монгол Улсын Засгийн газар анх удаа Улаанбаатар хотын 1.5 сая иргэний өмнө тулгамдаж буй түгжрэлийн асуудлыг богино хугацаанд шийдэх боломж, олгож байгаа хэрэг. Тэр ч утгаараа энэ хэмжээний хөрөнгийг зөв зохистой ашиглахын тулд Ерөнхий сайд нийслэлийн удирдлагуудад их хотын амьдрал, нийгмийн асуудлыг зохицуулах нийтийн тээврийг бий болгох үүрэг, даалгавар өгсөн биз.
Мэдээж бүтэн 10 гаруй жил метроны тухай ярьж, гүүр тавих талаар хөндөгдөж, эцэст нь замын хэдэн засварын ажлаар дуусдаг хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулна гэдэг хэн бүрийн хүлээлт үүсгэсэн асуудал.
Бүр 2010 оноос хойш яригдсан метроны төсөл ч бий. Гэвч үүнийг орчин үеийн шийдэлтэй 17 км урт хэвтээ тэнхлэгийн хөнгөн галт тэрэгний техник, эдийн засгийн үндэслэлийг ахиж шинэчлэх шаардлага үүссэн гэдгийг хотын дарга Д.Сумъяабазар хэлж байна билээ. Тэд босоо тэнхлэг нь 7 буудлаас Буянт- Ухаа хүртэл, хоёр тэнхлэгээр явах метро хийхээр төлөвлөж байгаа аж. Дээрх төлөвлөгөө ажил хэрэг болж, Улаанбаатар хотын замын байгууламжид гүүрэн байгууламж, нүхэн гарцуудыг нэмэх зэрэг их бүтээн байгуулалт өрнөнө. Үүнд дотоодын болон үндэсний компаниудыг өргөнөөр оролцуулж, ажлын байруудыг нэмэгдүүлэх цогц шийдэл ч явах нь.
Юутай ч судалгаа нь хийгдээд Засгийн газар төсөв хөрөнгө гаргаж өгнө гэсэн ТҮГЖРЭЛ-ийг бууруулах ажлыг Д.Сумъяабазар тэргүүтэй хотын удирдлагууд дуурсагдах бүтээн байгуулалтын ажилтай, иргэд нь талархах сэтгэлтэй үлдэх нь. Урьдын дарга нарын хувьд нийтийн тээврээ шинэчилж чадахгүй, хувийн хэдэн компанийн шантаажинд баригдаж, цахилгаан болон давхар автобус зэргийг НИЙСЛЭЛД шахсанаас ТҮГЖРЭЛ-ийг үгүй хийж чадаагүй.
Тэгвэл ТҮГЖРЭЛ-д БАЯРТАЙ гэж хэлэх түүхэн үүргийг гүйцэтгэх эрхийг Засгийн газар хотынхонд өгчихлөө. Тиймээс тэр ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ гээчийн ажилдаа бүх анхаарлаа тавьж, хүчээ хаяарай гэж Д.Сумъяабазар даргаас хүсье. Тэгж гэмээнэ нийслэлчүүд байтугай монголчууд бүгдээрээ танд талархаж, түүхэнд бичих байх шүү.
Эх сурвалж: Erennews.mn