УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асууж байна. Гишүүд 2+1 буюу нийт 3 минутад багтаан асуулт асууж, үг хэлнэ.
ТАВАНТОЛГОЙ, ЭРДЭНЭБҮРЭНГИЙН СТАНЦУУДЫГ ДУУСГАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллах байх. Экспортын төмөр замын хөтөлбөр, газрын тосны үйлдвэрийг цаашид үргэлжлүүлэх үү. Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээг цуцлах асуудлыг ярьсан. Энэ ажил хэрэг болж чадах уу.
Гэрээг зөв гольдролд оруулах талаар шинэ Засгийн газар ямар байр суурь барих вэ. Монголчууд эв эеийг хичээх түүхэн цаг үед ирээд байна. Энэ Засгийн газар байгалийн баялаг ард түмний өмч байх эсэхийг тодорхойлох ажлыг Л.Оюун-Эрдэнэ шийдэх болж байна. Оюу толгойн гэрээг цуцлахын төлөө цаашид шаргуу ажиллана.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замыг үргэлжлүүлнэ. Өмнөх Засгийн газарт хоёр удаа ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Намын болон Засгийн газрын хөтөлбөрт ахалж ажилласан. Таван толгой төмөр замын ажлыг яаравчлах шаардлагатай. Нэн тэргүүний ажил байх болно.
Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана. Оюу толгойн хэлэлцээр амаргүй нөхцөлд ажиллаж байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах саналыг өгсөн.
Д.ГАНБАТ: Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ЕРӨНХИЙ САЙДААР ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА НЬ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БУЙ ХЭРЭГ
УИХ-ын гишүүн Д.Ганбат: УИХ-ын дэг, асууж хариулж байгаа хугацааг багасгасанд үнэхээр харамсаж байна. 1980 онд төрсөн хүн Ерөнхий сайд болох гээд явж байна. Таны туулсан карьер үнэхээр бахархмаар юм байна. Манай монголд таны үеийн залуус ийм карьертай биш байна.
Таныг дэвшиж орж ирж байгаад гайхаж байна. Та огцорсон Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын дарга байсан. Алдаа гарахад таны оролцоо ч байсан. Та эргээд Ерөнхий сайдаар орж ирж байгаа нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг болж байна. Та хувийн хэвшилд ажиллаж байгаагүй юм байна. Дан төрийн алба хашсаар өнөөдрийг хүрсэн юм байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Тийм ээ би 1980 оных. Өнгөрсөн алдаа оноог илүү сайн ойлгох байх. Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг би ойлгох байх. Дубайн гэрээг та Ч.Сайханбилэгээс асуу. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ бүх завхарлыг арилгах гэж үнэхээр хичээсэн.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Шинжлэх ухааны салбарыг хэрхэн дэмжих вэ. Оюу толгойн асуудлыг олон жил олон хүн ярьж байна. Дан ялангуяа С.Ганбаатар гишүүн их ярьдаг. Гэхдээ дандаа сонгуулийн жилд. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Монгол хүүхдийн оюуны чадамж дэлхийд 7-д бичигддэг ч бүтээмжит чанар 49-д байдаг. Тэгэхээр энэ тал дээр анхаарч ажиллах шаардлага байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Коронавируст халдварыг дотоодод алдлаа, байдал хүндэрлээ. Одоо хүртэл бид мутацид орсон ямар хэлбэр вэ гэдгийг тогтоогоогүй байна.
Ховдод халдвар гарахад тусгай үүргийн онгоцоор нийслэл рүү зөөж байна. Орон нутагт эмчлэх боломжгүй гэж байна. Жилийн хугацаанд бэлдлээ. Юу бэлдэв. Эрүүл мэндийн сайдыг авч үлдэх үү. Багш, эмч нарын цалинг нэмэх үү. Хос хэлтэй сургуулиудын асуудалд хэрхэн анхаарах вэ?
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал Монголд тулгамдаж буй асуудал биш. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 2 сая хүний амь насыг авч одсон ийм цар тахал гараагүй. Монгол Улс 10 сарын хугацаанд дотооддоо халдварыг гаргахгүй ажилласан.
Бид нэн тэргүүнд вакцинжуулалтыг хийнэ. Ойрын хугацаанд вакцинжуулалтыг хийх боломжтой гэх хариуг авсан. Вакцинжуулалтыг хийснээр эдийн засгаа аварна гэж бодож байна. Цар тахалтай холбоотой нэн тэргүүний зорилтыг эдийн засгийг анхаарах. 430 орчим мянган хүний ажлын байр эрсдэлд ороод байгаа тул хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд илүү анхаарч ажиллана.