2019 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ хэлсэн. Тэрбээр “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарсны дагуу улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон 400 орчим ордын лицензийг төрд эргүүлэн авна.
Тэр дундаа Цагаан суваргын лицензийг төрд авч, ашгаа хуваалцана” гэж ярьсан. Энэ үеэс эхлэн 30 гэрбүл гэсэн нэр томъёо үүсч Х.Баттулга, У.Хүрэлсүхийн улс төрийн тоглолт эхэлсэн гэдэг юм. Х.Баттулгын хувьд ашигт малтмалын асар олон тусгай зөвшөөрөл эзэмшдэг 30 гэр бүлийг нэрлэсэн.
“Адамс Майнз”-ын А.Номундариас эхлээд МУУҮА-ын ерөнхийлөгч Н.Алгаа нарын тусгай зөвшөөрлийг нэрлээд таг болсон юм. Сүүлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр уран, болон газрын ховор элементийн тусгай зөвшөөрлийг төр авна гэж ярилцсан мэдээ гарсан.
Түүнээс биш олигархиудын гарт очсон, төрийн өмчөөр хайгуул хийгдсэн ордуудыг тэр буцаан авах нь хувийн өмч, ардчилал, чөлөөт зах зээл ярих болсон өнөө цагт бүтэхгүй санаачилга байсан болов уу. 30 гэр бүлийн өмчийг хураах яриа “Талх чихэр”, “Мах Импекс” хавьцаа очоод дууссан юм даг.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Цагаан суваргын ордыг төрд буцаан авах ажлын хэсэг байгуулж нэлээдгүй ажил хийсэн байдаг. Цагаан суваргын орд маш их нөөцтэй. Улсын нөөцөд бүртгэж авснаар 250.4 сая тонн хүдэр, 1.6 сая тонн зэс, 66.1 тонн молибден, 11.2 тонн алт бий гэх тооцоог анх нөөцийг тогтоосон геологич Ч.Хурц, Ц.Цэнд-Аюуш нар ярих болсон.
Яагаад ийм яриа гарав гэхээд МАК-ийн зүгээс Цагаан суваргын ордыг бид нээсэн, 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэх мэт эсэргүүцэл эхлүүлсэнтэй холбоотой юм. Энэхүү маргаан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шоронд хийснээр намжиж Цагаан суваргын ордыг төрийн мэдэлд авах ёстой гэдэг улс төрчид таг болжээ. Ард түмэнд Цагаан суваргын орд ашиглалтад орох, ажлын байр бий болох хэрэгтэй байсан болохоос тэр Н.Номтойбаярын засрал, хүмүүжил огт падлийгүй юм.
Эрхэм улс төрч Х.Баттулга, У.Хүрэлсүх нар 30 гэрбүл, Цагаан суваргын орд, Оффшорын мөнгийг оруулж өгнө гэхээ ярихаа больсон байна. Ард түмэн мартсан мэт байвч эргээд та нараас хариуцлага нэхдэг гэдгийг улс төрийн сонгуулиас харж болох юм. Айлгадаг юм уу, авлигал нэхдэг юм уу, сүртэй аргагүй улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудыг төрд буцаан авч хувьцаа хэлбэрээр ард түмэндээ ноогдол өгнө гэдгээ хэзээ болих юм вэ. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин шиг бүх олигархиудаа дуудан ирүүлээд ард түмний нүдэн дээр өмч хөрөнгийг буцаана авна гэсэн чинь худлаа байсан уу?.