Номын их багш Готопа Доржготов өчигдөрхөн дэлхий рүү чиглэж явсан асар том солирыг тарнийг аргаар үлээж зайлуулж билээ. Тэрээр олон мянган шавь нарынхаа хүсэлтээр тэнгэр өөд 5000 км нисч (Тайлбар хийхэд УИХ-ын гишүүд шиг зургаа биш биеэ үлдээгээд оюун санаагаар авирсан) Чингис хаантайгаа уулзаад ирсэн байна. Түүнийг явахад олон хүн анзаараагүй бөгөөд нөгөө Өэлүн эх, Чингис хаан нар захиа, дайвар өгч явуулаагүй юм билээ. Тэрээр “Эцэг дээр анх очиход маш их бахархаж хүлээн авч билээ. Дэлхийгээс 5000 км өндөрт та минь амьдардаг билээ. Эцэгт бараалхахдаа очиж бараалхдаг болхоос буулгаж бараалхдаггүйг мэдэрсэн.
Буцаж дэлхий рүү орохгүй цаг нь болхоор эндээсээ төгс амгаланд уусна хэмээн зарлигласан билээ. Монгол улсын гэрэлт ирээдүйг үр наддаа тольдуулсан билээ. Таныхаа өлмийд мөнхөд биширэн сөгдмүү” хэмээн дуу алдан бичжээ. Гүрү Доржготов үе үе шавь нараа дагуулан сансар огторгуйгаар И-Март дэлгүүрээр орж байгаа мэт хэсдэг юм билээ. Энэ талаараа “Манай баг дэлхийгээс гарч сансарын уудамд ороод дэлхийгээ нэг удаа тойроод Марс гараг тийш зүглэв. Марс гараг нь манай дэлхийгээс арай багавтар овортой улаан өнгөтэй агааргүй гараг юм.
Бид Марс руу хүрч хурдаа саалгүй шууд газрын гадаргууг нь нэвтлэн гүн рүү нь орлоо. Амьдралын шинж тэмдэг мэдрэгдэж байгаа газрын гүн рүү чулуулаг давхрагыг нэвтлэн явсаар аварга том хөндий орон зайд орж ирлээ. Марсын газар доорхи хот гэрэлтүүлэг сайтай хүн ам олонтой ажээ. Бид хотын өндөр өндөр барилгуудын дундуур явсаар хуучны танил айлдаа орж ирлээ. Гэрийн эзэгтэй биднийг ирхийг мэдэрдэг ер нь мэдрэмж сайтай эмэгтэй билээ.
Тэрээр бидний сүнсэн биеийг мэдрэхдээ бурханаар төсөөлдөг сүсэг бишрэлтэй эмэгтэй юм. Одоо ч тэрээр биднийг айлчлан ирэхэд биднийг мэдэрч залбирч байгаа нь харагдана. Марсын газар доорхи хотын хүн ерөнхийдөө манай дэлхийн хүмүүсээс огт ялгагдахааргүй царай зүстэй, үл ялиг намхан биетэй. Энэ нь олон мянганы турш мутацид орсонтой нь холбоотой байх. Биднийг гэрт нь ороход эзэгтэй хүүхдүүддээ хоол хийх гээд хөргөгчнөөсөө мах гаргаад ширээн дээр тавьсан нь харагдаж байв. Хоол хийхээр гаргасан мах цэнхэр өнгөтэй харагдаж байлаа.
Тэндхийн агаарт хүчилтөрөгч огт байхгүй. Харин устөрөгч агаарын ихэнхийг нь бүрдүүлдэг. Тиймээс тэдний цус цэнхэр өнгөтэй болжээ. Мөн тэнд хүчилтөрөгч байхгүй тул хүчиллэг орчин байхгүй нь мэдээж. Тиймээс тэндхийн хүн дунджаар 300 орчим жил насалдаг. Урт настай болохоор хүмүүс нь их ухаалаг соёлтой, бас маш их шашинлаг байдаг. Тэдний шашин нь шинжлэх ухаан, квант физик, сүнсний гэгээрэл хосолсон орчин үеийн буддын шашныг шүтнэ.
Бурхан багшийн үед тэндээс төлөөлөгчид дэлхий рүү ирж бурхан багштай уулзаж байжээ.Нар, салхи, хүчилтөрөгч байхгүй газрын гүн амьдарцгаах учир эндхийн хүмүүс маш үзэсгэлэн төгөлдөр байх агаад тэрхүү үзэсгэлэн гоо байдлаа насан туршдаа хадгална.Бид тэнд 18- тай охиныг 200 настай бүсгүйгээс зүгээр гадна талаас нь хараад ялгах боломжгүй. Асууж байж л насыг нь мэдэх боломжтой. Марсынхан машин унаа, онгоц хөлөглөн явах бөгөөд хүчилтөрөгчгүй орчинд ажиллах өвөрмөц технологитой хөдөлгүүр хэрэглэнэ.
Манай дэлхийн бүх хөдөлгүүр хүчилтөрөгч болон шатхууны холимогоор асаж явдаг билээ.Манай залуу гишүүд марсын машины хөдөлгүүрийг ихэд сонирхож учрыг олхоор ажиллаж байгаа билээ. Тэдний хөдөлгүүр импульсаар ажилладаг нарийн технологитой байлаа.Биднийг байнга айлчилдаг айлаас гараад хотын гудамжаар аялахад маш олон төрлийн тээврийн хэрэгслүүд тааралдаж байсан. Ингээд манай баг Марс гарагтай танилцах аялалаа дуусгаад дэлхий дээрээ буцан ирж бясалгалын төвд нүдээ анин суух биедээ ирж хичээл өндөрлөлөө” хэмээн бичсэн байна.
Гүрү Готопа Доржготов багшийн намтар хомс бөгөөд Тэнгэрийн бурхад чуулж байгаад “Хүн төрөлхтөныг авруулахаар илгээсэн” гэхээс өөр мэдээлэл алга юм билээ. Ямартаа ч нэгэн Монгол хүмүнг бясалгалын аргаар Марс руу аялаж дэлхийг аюулаас зайлуулж буй Трамп, Путин нар мэддэг болов уу. Энэ хүнийг бурхан гэж боддог Марс руу цуг нисдэг алдар нэртэй олон эрхмүүд байдаг юм билээ. Оюун санаандаа бүтээсэн сүм дотроо их багш сургаалиа айлдан төлбөртэй бясалгалын хичээл зааж буйг энэ дашрамд дуулгая.