УИХ-ын шинэхэн гишүүн Ц.Мөнхцэцэг цахим хуралдааны үед урдаас бэлтгэсэн зургаа тавьж олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Манай гишүүд эхний нэг жил хурлаа тасладаггүй, иргэдтэй уулздаг, асуудал шийддэг юм.
Харин хуучраад ирэнгүүт ахлах курсийн оюутан шиг алга болдог, авлига сонирхдог болчихдог л доо. Гэтэл Ц.Мөнхцэцэг УИХ-д суугаад хоёр ч сар болоогүй байж ийм муухай зүйл хийв. Энэ алдааныхаа төлөө уучлал гуйгаад зогсохгүй огцруулах ёстой юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар хамт олноо хуурсан, сонгогчдын итгэл эвдсэн Ц.Мөнхцэцэгийг огцруулах санал гаргах эрхтэй. Ийм дэг соёл парламентад дутагдаад байна. Өнөөдөр тэр мэдлэг боловсрол муутай учраас УИХ-аас залхаж, зургаа тавиад дэлгүүр хэсч явна. “Дургүй ламд дарж байж сахил хүртээв” гэдэг шиг МАН ийм ёсзүйн алдаа гаргасан нөхөдтэйгээ хариуцлага тооцдог болмоор юм.
Ц.Мөнхцэцэг чуулганд суух дургуй бол өөрийнхөө дүрсийг товойлгосон “Мануухай” хийгээд тавьчих хэрэгтэй. Ийм ёсзүйгүй гишүүндээ хариуцлага тооцохыг Сүхбаатар дүүргийн иргэд хийгээд олон нийт Г.Занданшатараас нэхье.