Эх сурвалж: НЭМҮТ
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг.
Энэ жил “Эрүүл эх дэлхийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжицгээе” уриан дор зохион байгуулж байна.
Монгол Улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар буй юм. Өнөөдрийн байдлаар эрт амлуулалт 70 хувь байгаа ба нийт нялхсын дөнгөж 50 хувь нь эхний зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байна. Түүнчлэн хоёр хүртэлх насны хүүхдийн дөнгөж 46 хувь нь эхийн сүүгээр хооллож буй.
Эхийн сүүнд шүүрлийн иммуноглобулин, цагаан эс, шар сүүний уураг, олигосахаридууд гэх мэт нялхсыг нян, вирусын халдвараас хамгаалах маш олон хүчин зүйлүүд байдаг
Эхийн сүү нь хүүхдийн эрүүл амьдралын гараа болдог ба хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, эндэгдлээс хүртэл хамгаалах анхны дархлаажуулалт болдог байна. Эхийн сүүнд шүүрлийн иммуноглобулин, цагаан эс, шар сүүний уураг, олигосахаридууд гэх мэт нялхсыг нян, вирусын халдвараас хамгаалах маш олон хүчин зүйлүүд байдаг.
Мөн эх хүүхдийн аль алиных нь эрүүл мэнд, хоол тэжээлийн байдал болон сэтгэл санааг дэмжихэд чухал ач тустай юм.
Эхийн сүү нь бага насны хүүхдийн хатгалгаа, суулгалтаас шалтгаалах эндэгдлээс урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс шалтгаалах эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлж чаддаг.
Судалгаанаас үзэхэд хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор жил бүр хөхний хавдраас шалтгаалсан 20,000 нас баралт, 823,000 хүүхдийн эндэгдлээс сэргийлэхээс гадна Дэлхийн эдийн засгийг 302 тэрбум ам.доллараар хэмнэх тооцоо гарсан байна.