-Хоёр хөрштэйгөө учраа олоогүй цагт эдийн засаг сэргэхгүй-
Гашуунсухайтын хилийн боомтоор нүүрсээ гаргах жолооч нар тэрүүхэндээ л тэвдэнэ. Хятадын хилийн боомтын цэргүүд дээрэнгүй тул тэд нарын ая эвийг олох гэж жолооч нар арав хорин юань барин царай алдана.
Өглөөний арван цагт хятадын боомт нээгдээд 12 цаг болонгуут “Цайндаа орох, жимс идэх цаг” гээд хаалгаа хаачихна.Цатгалан муур шиг хятадуудын дээрэнгүй байдал 17 цаг гээд дуусчихна. Таван толгойгоос нүүрс ачсан жолооч нар Хятадын хилийн боомтын цайны болон жимс идэх цагийг хүлээсээр хоёр сар болох байсан тохиолдол бий. Хятадууд ямар их цатгалан болоо бэ.
Тэдний нүүрсний хэрэгцээ тийм багассан гэж үү. Хятадууд өнгөрсөн жил 3,4 тэрбум тонн нүүрс авсан. Тэр их нүүрсний хэрэгцээгээ зэрэг улсаас ОХУ, Канад, Австрали, Индонез, Вьетнам, АНУ зэрэг хангасан.Гэтэл манайх 30 сая тонн нүүрс зарах гэж яасан их царай алдав. Монгол Улсын гурван өндөрлөг БНХАУ-д очих болгондоо “Нүүрс аваач” гэх. Хятадуд гурван тэрбум нүүрсний хэрэгцээтэй байж хөршийнхөө 30 сая тонн нүүрсийг авчихаж болно доо. Далайд дусал төдий л зүйл.
Монгол Улсын нүүрсний зах зээл ганцхан улсаас л хамаарна. Энэ улсын нутаг дэвсгэр дээгүүр зорчиж гэмээнэ далайд хүрч нүүрсээ зарна. ОХУ, БНХАУ-ын хилийг давах л юм бол Япон, Энэтхэг, ХБНГУ, БНСУ, Тайваньд нүүрс зарах боломжтой. Япон жилд 200 орчим сая тонн, БНСУ 105 сая тонн, Энэтхэг 70 сая тонн, Тайвань 60 сая тонн, ХБНГУ 40 сая нүүрс авдаг. Энэ их зах зээлд хүрэхийн тулд ОХУ, БНХАУ-тай л учраа олох хэрэгтэй. Уг нь Монгол Улс төмөр замтай.
Тэр төмөр замаар оросууд цемент, мод зөөж байгаа харагддаг. 51 хувийг эзэмшдэг манай тал төмөр замаараа жаахан нүүрс гаргая гэхээр оросууд ч хятадууд ч зөвшөөрдөггүй. Нарийн бүдүүн цариг гээд улс төрчид маргаад л байна. Арай гэж төмөр зам тавьтал орос, хятадууд өөрийн нутгаар нүүрс зөөлгөхгүй гэвэл яах бэ. Яагаад төмөр замаар нүүрс тээвэрлүүлдэггүй талаараа дорвитой тайлбар ч хийдэггүй. Хамгийн хямд, чанартай нүүрс бидэнд бий.
Тэр нүүрсийн авах саналаа Япон, Солонгосчууд илэрхийлдэг. Солонгосчууд жилд 50 сая тонн нүүрс авах сонирхолоо илэрхийлж байсан. Даанч бид нүүрсээ хүргэх арга ухаанаа олоогүй л байна. Хятадын “Ганц мод”-ны боомт дээр нүүрсээ хүргэхэд далайд хүргэх галт тэрэг, авто замууд бий. Гэвч тэгэх сонирхол хятадууд байдаггүй юм. Нүүрсээ гаргах талаар оросуудтай яриад ч нэмэргүй. Монгол Улсын төрийн өндөрлөгүүд хойд өмнөд хоёр хөршийнхөө төрийн тэргүүн нартай уулздаг, ярьдаг гэцгээнэ.
Үнэн чанартаа бол цаадуул нь тоож уулздаггүй юм билээ. Ганцхан жишээ хэлье. “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага“-ын төрийн тэргүүн нарын уулзалт Киргизстан улсад болсон. Тэр хуралдаанаар БНХАУ, Иран, Казакстан, Киргзстан, ОХУ-ыг холбосон авто зам тавихаар болсон. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нэртэй банк байгуулахаар болж байв.
Эрчим хүч, уул уурхайн салбаруудад улс орнууд хамтарч ажиллах хөтөлбөрүүдэд гарын үсэг зурсаар хоёр, гурван өдөр болдог юм. Монгол Улсын Ерөнхийлөгч төсөл хөтөлбөрт оролцох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн ч хэн ч тоогүй. Ц.Доржготов гуайн “Хөгшид хөгжөөнтэй” гэдэг богино өгүүллэгт “Манай хөгшин ярианд оролцох санаатай наанаас нь дөхөөд л байлаа” гэдэг шиг. Тэр ч бүү хэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үүдэндээ цаг шахам хүлээлгээд уулзалгүй гараад явчихаж байв.
БНХАУ-ын дарга Ши Жин Пин ёс мэт хүлээн аваад жижүүрийн үгээ хэлээд гаргаж байх жишээтэй. Нэг иймэрхүү харьцаа ганц Ерөнхийлөгчөөс гадна Ерөнхий сайд дээр ч ажиглагдах болсон. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д айлчлах талаараа хэд хэдэн удаа хүсэлт тавьсан. Бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдавга яваад ирсэн ч бүтэлтэй зүйл болсонгүй. Ерөнхийдөө бол хойд урд хөршүүд “Монголчууд худалч, хулхи” гээд хүлээн авахгүй болсон гэх сураг дуулдах юм.
”Барууны бодлогыг бүс нутагт тууштай дэмжигч улс орон” гэсэн нэр хаяг эдийн засагт муугаар нөлөөлөөд байна уу гэлтэй. 2011 онд оросууд шатахууныхаа цоргыг хаах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчилсан. Тэр үеэр ОХУ-ын хэвлэлүүд “Шатахууны гуйхаар ирлээ” хэмээн бичиж байсан. Нэг талаараа доромжлол мэт боловч шатахуун хомсдох тоолонд “Роснефть” компанийн захирлын үүдийг үе үеийн Ерөнхий сайд нар сахисан хэвээрээ байгаа билээ.
Хоёр хөрштэйгөө улс төрийн хүрээнд учраа олоогүй цагт эдийн засаг сэргэхгүй л болов уу. БНХАУ тэрбум биш юм гэхэд 50 сая тонн нүүрс зах зээлийн ханшаар нь Таван толгойгоос авахад л Монгол Улсын эдийн засаг сэргээд ирнэ. Гэтэл урд хөрш маань 31 ам. долларын өртөгтэй нүүрсийг маань авахын оронд Австралийн 180 ам.долларын үнэтэй нүүрс рүү жимс идэх цагаа умартан гүйлдэхийн учир юу бэ. Хятад улс өнөөдөр нүүрсээ авдагаараа авч байна. ОХУ, Канад, Австрали, Индонез, Вьетнам, АНУ-аас зөөсөөр байна. Энэ улс орнууд бидний зах зээлийг өгчихсөн гэхэд болно.
Зах зээлийн овсгоо яриа хөөрөө дутснаас гадна “Ялихгүй бөх ямааны гарзтай” гэгчээр шалихгүй улс төр хийсний балгаар хоёр хөршийн хавчлагад орчихсон юм биш байгаа гэсэн бодол төрнө. Ямартай ч том гүрнүүд Монголын эдийн засаг сулрахыг тэвчээртэй ажиглан цаг нөгцөөхийн тулд жимс идэж сууна. Тэд нартай яаж учраа ололцохоос шалтгаалж төмөр зам, тавдугаар цахилгаан станц, Оюу толгой, Таван толгой, Сайншандын бүтээн байгуулт урагшаа явах үгүйгээ шийднэ биз.