Орон нутгийн сонгуулиар ойролцоо дүнтэй гарсан Увс аймаг, Баянгол, Баянзүрх дүүргүүд албан тушаалаа хувиарлаж чадахгүй хэрэлдэж байх шив. Ийм байдал руу ордог, дөрвөн жил хэрэлддэг, нэг улс төрийн хүчин арай гэж засаглах боломжоо бүрдүүлэнгүүт нөгөө талын нөхөд гишүүдээс нь худалдаад авчихдаг түүхтэй юм.
Ийм тогтворгүй байдал Баянгол дүүрэг дээр үргэлжилж МАХН-1, ХҮН-2 гэсэн нөхдүүд хамгийн үнэтэй биеэ үнэлэгч нараар нэрлэгдэж байна. Баянзүрх дүүргийн хувьд ХҮН-аас гарсан нөхөдтэй учраа ололцох гэж улс төрийн хүчнүүд цаг барьж байгаа бололтой. Сонгинохайрхан, Сүхбаатар гэсэн ёсзүйтэй дүүргүүд ялалт байгуулсан тал нь аль хэдийнэ Засаг дарга, ИТХ-ын даргаа сонгоод ажилдаа орсон байна.
Ард түмний сонголтыг хүндэтгэсэн та бүхэнд баяр хүргэе. Чингэлтэй дүүргийн хувьд орон нутгийн сонгуулиар маш өндөр хувиар ялсан. Тэд нарт өрсөлдөгч, сөрөг хүчин байхгүй ч “Павловын яс булаалдсан ноход” шиг хоорондоо хэмлэлдээд Засаг даргаа тавьж чадахгүйд хүрээд байна.
Тус дүүргийн МАН-ын даргаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ажилладаг ч гишүүд нь үгэнд орохгүй байгаа бололтой. Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн Тамгын газрын даргын албыг аваад удаагүй байгаа нэр цэвэр Б.Цэрэнг томилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Түүний энэхүү хүсэлтийг Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй нөхдүүд эрс эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл Засаг дарга Н.Батсүмбэрэлийг нь улираагаад сонгоё гэхээр түүнийг архи уудаг, хүн зодсон, 600 сая төгрөг баримтгүйгээр захиран зарцуулсан гэх мэдээллийг гишүүдээс нь ирүүлсэн. Уг мэдээллийг АТГ-т өгөөд зогсохгүй бичлэг энэ тэр бий гэсэн мэдээлэл Т.Аюурсайханд очоод зогсохгүй задлана гэсэн гишүүд байгаа бололтой.
“Олдоход өлдөнө” гэдэг шиг хэт олуулаа ялсан Чингэлтэй дүүргийн МАН-ын хоёр хуваагдан хоорондоо үзээд “Тэгвэл энийг өгнө, тэрийг гаргана” гэсэн бичиг баримт барьж гүйгээд Т.Аюурсайхан хүртэл учраа олохоо байжээ. “Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олдоггүй”-тэй адил Чингэлтэй дүүргийн хурган дарга нарын талцал иргэдийн итгэлийг алдаад зогсохгүй, бүтээн байгуулалтын ажлууд гарын үсгээ хүлээгээд таг зогсох шинжтэй. Нэг нам хоёр хуваагдаж гэмээнэ дөрвөн жил хоорондоо толхилцоод эцэст нь УИХ-ын сонгуулиар үсгүй ялагддаг жишээнүүд бий дээ.