Уул уурхай. Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Төрийн өмчит “Монголросцветмет” үйлдвэрийн газрын үйлвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллах байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн байдаг. “Монголросцветмет” ТӨҮГ-ын данснаас “Гёте” сургууль руу хоёр удаа гүйлгээ хийгдэж 10,700,000 төгрөг шилжсэн баримт хий.
Огт эмээсэн, нууж хаасан зүйлгүйгээр хийсэн байдаг. Г.Ёндон сайд “Манай үйлдвэр ашигтай ажилласан тохиолдолд үр дүнгийн урамшуулал авах хууль журамтай. Энэ журмынхаа хүрээнд урамшуулал аваад түүгээрээ хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн” хэмээн мэдэгдсэн. Түүний мэдэгдэл олон нийтийн дургуйцал төрүүлж хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн байсан.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцох асуудлыг хөндөхөө ярьж байсан билээ. Ямартай ч олон нийтийн дургуйцал байгаа онож Ерөнхий сайд У.Хүрэлсүх Г.Ёндон сайдад “Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсад буцааж төл”гэсэн үүрэг оногдуулсан байх юм. Эндээс хоёр гурван асуулт гарч ирнэ.
Ашигтай ажилласан төрийн өмчит компаниудын захирал урамшуулал авдаг асуудлыг яах вэ. Тэр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн гэхэд жилийн эцэст 500 мянган ам.доллар урамшуулал хэлбэрээр авдаг. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирлууд ч өндөр тоотой урамшуулал авдаг байж таарна.
Тэр урамшуулал авах хууль байгаа учраас захирлууд мөнгөө аваад хүүхдийн сургалтаа төлнө үү, хүүхэнд өгнө үү өөрсдийнх нь асуудал. У.Хүрэлсүх олны хэл амнаас жийрхэн Г.Ёндон сайдыг мөнгөө буцаан төл гэж байгаа чинь жинхэнэ хууль зөрчсөн үйлдэл болно.
Нэг ёсондоо хэлмэгдүүлж байна гэсэн үг юм. У.Хүрэлсүх шахаж байхын оронд тэр хууль журмаа эхлэн өөрчлөөд Г.Ёндонгоос мөнгөө буцаан авах хэрэгтэй. Г.Ёндон маш итгэлтэйгээр “Би хууль зөрчөөгүй учраас мөнгө буцаан төлөхгүй” гэсэн байр суурь хэвлэлийнхэнд илэрхийлж байсан. Тэр байр суурь дээрээ бат зогсож У.Хүрэлсүхийн шийдвэрийг эсэргүүцэх хэрэгтэй. Ийм алхам хийж итгэл үнэмшил, хувь хүн гэдгээ харуулах ёстой болохоос Ерөнхий сайд хэлэхээр ганхдаг байр суурь гэж байж болохгүй.