Увс аймгийн МАН-ын хороо УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг хөөх, эргүүлэн татах тухай яриа гаргасан. Түүнийг МАН-ыг хагалан бутаргасан, АН-тай үгсэн хуйвалдсан, бие даагч нарыг санхүүжүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм.
2020 оны сонгуулийн өмнө Б.Чойжилсүрэнг дэвшүүлэхгүй байх, нэр төрийг нь унагах компанит ажил явсан ч тэр ажраагүй. Тэрээр Увс аймагт Ч.Хүрэлбаатараасаа өндөр санал авсан бөгөөд “Тэсо” группын ТУЗ-ийн дарга О.Цогтгэрэлтэй үгсэн хуйвалдсан, намынхаа эсрэг ажилласан гэх хэл аманд ороод амжсан юм.
Сонгуулиар мөнгө тараадаг гэх хэл аманд орсоор ирсэн Б.Чойжилсүрэн 2024 онд Увс аймаг руу зүглэхгүй. Улс төр, бизнест нөлөө бүхий тэрээр дэвших дараагийн тойргоо хотод бэлдсэн. Хан-Уул дүүрэгт түүний төлөө саналаа өгөх Увс болон “Хурд” групптэй хамааралтай гэгдэх 20-30 мянган иргэн бий. Монголын хамгийн том барилгын компанид нь Увс аймгийн гаралтай баяд, дөрвөд ястнууд их бий гэлцдэг.
Нутгаасаа ирсэн хэнийг ч болов ажилд авдаг Б.Чойжилсүрэнд “Хурд” группын 3000 ажилтныг Увс гаралтай гэх ч бий. Нутагтаа дахин очихгүй гэдэг үүднээс ч болоод тэр үү Б.Чойжилсүрэн Увс аймагт МАН-аа хоёр хуваан АН-тай түр зуурын засаглал бий болгосон бол дуучин С.Жавхлан нь уул усаа ороолгосон “хашраасан” байдаг юм. Эргэж очихгүй, уулзахгүй гэдэг хандлагаар улс төрчид аливаа сонгуульд ажиллуулсан иргэдийнхээ цалинг унжих, утсаа салгаад алга болдог жудаг муутай байдал илэрхий ажиглагдах юм даа.