Toyota Prius гэхээр таны толгойд хамгийн түрүүнд ямар бодол орж ирдэг вэ. Магадгүй Приус бол аялалд зориулсан тээврийн хэрэгсэл биш гэх байх. Гайхалтай нь хотод зориулсан жижиг оврын энэхүү эко автомашин аль хэдийн Хөвсгөлийн тайга байтугай Алтай таван богдод хүрч чаджээ.
Гэхдээ энэ бол мянгад нэг тохиох гайхамшиг болохоос Приус эзэмшигч хүн бүр “Off-road” аялал хийж болно гэсэн үг биш юм.
Хэдий Приус бинзен бага зарцуулдаг гэх утгаараа хатуу хучилттай замаар хол зам туулах аялалд шилдэг сонголт болдог ч хөнгөн учир хурдлах тусмаа осолдох эрсдэл нь өсдөг болдог. Тэгвэл Японы тусгай тоноглол үйлдвэрлэгч “Camper Inn RV” компани Тоёота Приус маркын автомашинд зориулсан нэмэлт аяны камперыг зохион бүтээж, Приус эзэмшигчдэд илүү тав тухтай, аюулгүй аяллыг санал болгодог байна.
Энэхүү тусгай загварын нэмэлт камперт дөрвөн хүн унтах боломжтой. Тухайлбал, кампер дотор хоёр хүний тохилог ор засах хангалттай зайтай бөгөөд Приусын арын суудлыг эвхэн, жолоочийн суудлын дээрх тусгай талбайд дахин хоёр хүн унтах зайг бий болгох боломжтой аж.
Мэдээж кампер суурилуулснаар машины нийт урт дээр 5.8 метр нэмэгдэж, нийт өндөр 2.13 метр болно. Ингэснээр Приусын дотоод орон зай нэмэгдээд зогсохгүй өндөр хүн ч гэсэн камперт хүссэнээрээ тухлах боломжтой болох юм.
Камперын агааржуулалтын системийн хувьд Приусын арын гэрлийн дээр байрлах тусгай хоёр цонхоор агаарын солилцоо явуулна. Захиалагчийн хүсэлтээр жижиг хэмжээний гал тогоо болон хоолны ширээ бүхий камперын дотор буйдан, угаалтуур зэргийг суурилуулах боломжтой.
Харин энэ бүхний дараа энэхүү бяцхан кампер дотор богино долгионы зуух, дундаж хэмжээний хөргөгч багтана гэхээр үнэхээр гайхалтай.
Ингэхдээ кампер болон түүн доторх цахилгаан хэрэгслүүд Приусын батарейгаас эрчим хүч авдаг байна. Хэрвээ та “Prius Camper”-тай болохыг хүсвэл 20000 ам.доллар төлөх шаардлагатай аж.
Эх сурвалж: RV share, Inhabitat