Улсын аварга Намсрайжавын Батсуурь “Солонгосын допингийн шинжилгээ худлаа гарна гэж байхгүй. Тэгэхээр яалт үгүй ч надаас допинг гарсан нь үнэн” гэж уучлал гуйн бөхийсөөр олон бөхчүүдийг улсын цолонд хүргэсэн юм шүү дээ энэ жил. Ингээд ноён Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол олгодог гэх хууль журам гажуудаад явчихаж байгаа юм. Соц нийгмийн үед улсын аварга шалгаруулах тэмцээнээр цол авсан бөхчүүлээ жаахан доош хийх шинжтэй “Улсын аварга шалгаруулах тэмцээний цолтон” гэж нэрлэдэг байж билээ.
Н.Батсуурийн буянаар Говь-Алтай аймгийн харьяат аймгийн хурц арслан Б.Суманчулуун улсын начин болж байна. Тэрээр допингийн хар гайгаар улсын начин гэх цолоо хураалгаж байсан бол допинг ээлээ өгч улсын начин цолыг нь эргүүлэн өгдөг байна шүү. Хурай хурай. Зургаагийн даваанд аймгийн арслан Цэдэндоржийн Мөнхбаяраар Н.Батсуурь зургаа давсан байдаг юм. Хуулиараа Ц.Мөнхбаярт улсын харцага цол өгөх болно. Нутгийн ах аварга уу, допинг хоёрын хэний буян гэдгийг уншигч авгай шийднэ биз ээ
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Сэдбазарын Одбаяр “Ажнай” корорацийн бөх, Чимэдрэгзэнгийн Санжаадамба аваргаар зургаа давж харцага болсон. Ерөнхийдөө “Ажнай” Бат-Эрдэнэ гэдэг тэрбумтан нутгаасаа заан төрүүлэх гэсэн болов уу хардлага байсан юм. Зааны даваад С.Одбаярыг Н.Батсуурь хаясан барилдаан хүчингүй болсон учир Өмнөговиос заан цолтон төрлөө. Харцага цолыг угаачихсан нутгийн зөвлөл нь заан цолыг нь бас тэмдэглэх сурагтай шүү.
Шөвгийн дөрөвт допингтой аварга Батсуурь Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарчыг орхин үзүүрт хүрсэн. Одоо М.Бадарч улсын гарьд цолтон болно. Ингээд Н.Батсуурь допингийн хэргээ хүлээсэн учир эдгээр бөхчүүл баяр наадмын хуулиар цол ахихаар болов. Н.Батсуурь допингтой гэдгээ мэдэж байсан болоод баахан залууст боломж олгов уу, ийм хийдэл байж болох уу гэдэг асуулт хэвээр үлдлээ.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Улсын арслан Р. Пүрэвдагва допинг хэрэглэсэн буянаар Болдын Эрдэнэхүү улсын өсөх идэр цол авна. Тэрээр өмнөх жил нь допинг хэрэглэсэн бөхөд унан улсын начин цол авч байсан бол өнөө жил түүх давтагдан “Өсөх идэр” цол авдаг байна шүү. Зургаагийн даваан Шархүүгийн Пүрэвгарьдыг хаясан барилдаан хүчингүй болно. Допинг ач буянаа өгч Ш.Пүрэвгарьд улсын харцага болох юм билээ.
Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Батсуурийн Бат-Оршихыг допинг хусна гэж яаж мэдэх вэ дээ. Тэрээр тавын даваанд аймгийн арслан Ц.Сандагдоржийг тунан хаясан. Хоёр жил дараалан тавын даваанд тунан унасан Ц.Сандагдорж допинг ач буянаа өгч Улсын начин цол хүртэх нь ээ. Баянхонгорын нутгийн зөвлөл, ах дүүс нь Батсуурийн Бат-Оршиход машин байр бэлэглэсэн. Одоо цолоо хураалгахаар тэднийхээ царайг яаж харнаа. Харах л байх даа муу тэнэг.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат уран барилдаанч Улсын начин Баярсайханы Орхонбаяр допингийн буянаар харцага цол авах хэмжээний бөх биш ээ. Б.Бат-Орших допинг хэрэглэсэн хар гайгаар Б.Орхонбаяр харцага цолонд хүрэх шив дээ. Барилдаж сураагүй байж допинг хэрэглэдэг энэ байдлыг яаж халах вэ. Допингтой нөхөр авлига авч начин заан төрүүлээд зогсохгүй улсын наадамд түрүүлэх бололцоо байна шүү нөхөд минь. Допингийн буянаар энэ жил хичнээн бөх цолонд хүрэв, хичнээн үзэгчийг гонсойлгов доо.