БНН-ын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.
– Таны түгжрэлийг бууруулах шийдэл олон хүнд хүрлээ. Ялангуяа их дээд сургуулийг нүүлгэх шийдэл. Жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Хилийн цэргийн дээд сургуулийг Дорнод аймаг руу нүүлгэж оюутнууд нь хилээ манах хэрэгтэй. Буйр нуурын хулгайн загасчид, хятад, солонгос хил зөрчигчид орж ирдэг юм билээ. Тэнд оюутан залуус хил зөрчигч нартай хөөцөлдөөд зугаатай байх хэрэгтэй биз дээ.
Анагаах Шинжлэх Ухааны их сургуулийг Хөвсгөл аймаг руу шилжүүлэх нь зөв. Хүн ам ихтэйгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд олонтой юм билээ. Яагаад иргэд хөгжлийн бэрхшээлтэй болоод байна гэдгийг судлах, эмчлүүлэхээр 17,000 оюутан явууллаа. Ер нь эмч тогтдоггүй, хомсдолтой газар юм билээ. Шинжлэх Ухаан Техникийн их сургуулийг Эрдэнэт, Дархан руу шилжүүлэх хэрэгтэй. Оросууд хаяад явчихсан хуучин барилга, техникийн үйлдвэр ихтэй газар. Хаягдсан барилгуудыг засч янзлаад хичээлээ эхлэг.
Зэвтэй техникээс эхлээд тоног төхөөрөмж засах сэлбэхээс эхэлнэ.Төмөр замын дээд сургуулийг Дархан руу илгээж дэр модноос эхлээд зам дагаж амьдрал үзэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн Их сургуулийг Архангай, Сэлэнгэ рүү хуваах хэрэгтэй. Нэг аймаг нь мал ихтэй, нөгөөх нь тариа будаа элбэг дээ. Ургац хураах, төл хүлээн авах гээд ажил, амьдралын гараан дээр суралцаж амжилт бүтээлээр гараа эхлэг.
Улсын Багшийн их сургуулийг Ховд руу нүүлгээд олон ястны хүүхэд бүрийн онцлог, хэлний бэрхшээлтэй нүүр тулаг. Дуу хуурын өлгий Дундговь аймаг руу Соёл урлагын их сургуулийг нүүлгэж ардын өв соёлоо сурах судлах хэрэгтэй. Тэндээс дэлхийн тавцанд гарах одод төрүүлэх бололцоо бий. Монгол Улсын их сургуулийг Эзэн Чингис хааны нутаг Хэнтий аймаг руу шилжүүлэх хэрэгтэй.
Түүхээ мэдэг, их хаанаараа бахархаг. Газар нутаг судлан жаахан тэнэг. Цагдаагийн дээд сургуулийг малын хулгай ихтэй Баян-Өлгий, Увс руу нүүлгэх хэрэгтэй. Жалга довоороо ялгардаг, нутгийн атамануудтай Цагдаагийн оюутнууд учраа олж гэмээнэ цааш явна шүү.
Цэцэрлэгийн багшийн сургуулийг Сүхбаатар аймаг руу нүүлгэвэл зүгээр. Угаасаа тайван, тогоруу шувуу нь алхаж явдаг нутаг гэсэн биз дээ. Тагнуулын сургуулийг Өмнөговь руу шилжүүлж нүүрс дотор алт гардаг, хулгайн тээвэр зэргийг илрүүлэх хэрэгтэй. Мэргэжил сургалтын төвүүдийг Төв аймаг руу нүүлгэх нь зүйтэй. Газар нутаг томтой, хэзээнээс их хөлийн газар шүү дээ.
Даншиг үзээд нутаг буцах зардалгүй болсон нөхдийн өлгий. 200 гаруй мянган оюутан бүхий их дээд сургуулиуд гараад явчихвал Улсын наадмын өмнө Улаанбаатар хот сэлүүхэн болдог. Тэр оюутнуудыг дагаад халамжлан хүмүүжүүлэгч, аав ээж, эмээ өвөө нар дагаад нүүнэ. Бас тэднийг сааж амьдардаг бар, ломбард, хүнсний дэлгүүрүүд хөдөө орон нутагт цэцэглэнэ дээ. Цэвэр агаарт, түгжрэлгүй газар залуус маань суралцах хэрэгтэй. Хөдөө аймгууд тэднийг бөөн эрч хүч, бизнес хөрөнгө оруулалт гэж хүлээж авах цаг болсоон.
-Түгжрэл?
-Их амархан шийдлүүд олон удаа хэлж байна. Хотын захдуу үнэгүй том авто зогсоолууд тавих хэрэгтэй. Иргэд тэнд машинаа тавиад нийтийн тээвэртээ сууг. 190 гаруй мянган төрийн албан хаагчид яам тамгын газар машинааа тавих болбол цагийн 10 мянган төгрөг төлөх хэрэгтэй. Үгүй гэвэл нийтийн тээвэр, ажилчдын автобусанд сууг. Хотын төвийн зогсоолууд өндөр төлбөртэй болж гэмээнэ хэдэн цагаар машинаа хаяад алга болдог нөхдүүд багассана. Түгжрэлд хэдэн тэрбум төгрөгийн бүтээмж, алт шиг цаг хугацаа алдаж хорт агаарын бохирдол бий болгож буйд цэг тавих хэрэгтэй.
-Нийтийн тээвэрт гадаадаас автобус нийлүүлэх, цахилгаан автобус нийлүүлэх асуудал маргаан дагуулдаг?
-Уг нь бол онгоц хөөргөх, машин бүтээхэд олон улсын хууль дүрэм үйлчилдэг. Харин манайх ширэнгийн хуулиар явдаг болохоор дуртай нь онгоц бүтээж машин бүтээж байх шив дээ. Тэр цахилгаан автобус гэдэг мөнгө төгрөг үрсэн ажил юм билээ. Өвөл болохоор явдаггүй, олон хүн суухаар хий эргэдэг автобусаар яах вэ дээ. Шинээр бүтээх нэрээр Эрээн болон энэ тэндээс сэлбэг авчирч угсрах хэрэг байна уу.
-Таны амьдаа Д.Жаргалсайхан автобус хийдэг шүү дээ?
-Цахилгаан автобус, машин бүтээлээ гээд байсан. Нодлин өвөл автобус нь өвлийн хүйтэнд царцаад явахгүй онигоо болоод амьдаа “Хорлон сүйтгэсэн” гэж ярьсан. Мань эр бүтээсэн жижиг машинаа унахгүй дандаа япон тэрэг унаад яваа харагддаг.
-Та бас малчдыг татвар төлдөггүй гэж шүүмжилдэг?
-Ер нь ихэнх малчид хотод өвөлждөг болсон юм билээ. Биеийн амар харан оюутан сургах хотод гэр бариад утаа үйлдвэрлээд приусээр халтуур хийгээд явдаг. Ус гэсэнгүүт сэлэм шиг хусуураа зүүгээд морь уяна гээд явчихдаг улс шүү дээ. Хотын зохиомол түгжрэл, хүн амыг малчид өсгөх хэрнээ татвар төлдөггүй зуйгуул улс болсон байх юм. “Сахал” Сталин Монгол Улсыг малаа 200 сая хүргэ гэж тушаагаад өвөг дээдэс шөлний хонь идэх эрхгүй байсан үе бий. Яаж ч зүтгээд 20 саяас даваагүй мал хувьд очоод одоо бол 70 сая хүрчихээд бэлчээрийн даац хэтрээд байна.
Тэгэхээр малчдын малыг төр худалдаж аваад хотын иргэдийг малжуулах хэрэгтэй. Жилдээ үнэ тогтворжуулах, дайны үеийнх шиг хүнс тараах хөтөлбөрт хэдэн зуун тэрбумаар мөнгө олгож монопол компаниудыг ивээн тэтгэж байхын оронд тэр төсвөөрөө мал авах хэрэгтэй. Малчдын мал хямд үед төр худалдан аваад хотод ажилгүй байгаа иргэдэд гэрээлж өгөөд нутаг руу нь буцаах хэрэгтэй. Хэдэн малаа идсэн бол өрөнд ороод төлнө гэдгийг ойлгуулах цаг болсон. Цаашид мал аж ахуй хөгжих хэрээр бизнес гэж ойлгоод эхэлбэл хотод хүнгүй болно.
Энэ мэт бөөгнөрөл, түгжрэл зэргийг багасгах олон зуун боломж байгааг МАН ашиглахгүй байна л даа.
-БНН орон нутгийн сонгуульд оролцож байгаа юу?
-Хар машин ноёрхож байгаа үед бурхан багш ч нэр дэвшээд боломж байхгүй л дээ. Тийм учраас орон нутгийн сонгуульд оролцохгүй. МАН эрх мэдлээ эдлээд 2024 он хүртэл дураараа дургиг, ажлаа хийвэл хийг. Харин тэр үед МАН-тай бүрэн хариуцлага тооцно гэдгээ ард түмэн бэлдэх хэрэгтэй.
-Өвөрмонголд болж байгаа явдлыг юу гэж харж байна вэ?
-“Үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдов” гэдэг үг байдаг даа. Хятадууд өнөөдөр ялж байгаа юм шиг харагдаж магадгүй. Харин эцсийн үр дүндээ хүн төрөлхтөний дайсан болж задрал руугаа явах замаа бэлдчихлээ. Ийм үнэр авчихсан Энэтхэгчүүд хүртэл БНХАУ-тай дайн зарлахаа мэдэгдээд зогсохгүй хөөрчихсөн мэдэгдэл хийж байна лээ. Үргэлж дарлуулж колони байсан Энэтхэг улсыг агаа нар (ОХУ, АНУ) нь түлхүүрдээд байгаа. Тэгэхээр энэ тэмцэл бослогод алсдаа Өвөрмонгол, Шинжаан-Уйгар, Төвдүүд ялна. Үүнд итгэлтэй байдаг.
-Монгол Улсын төрийн өндөрлөгүүдийг Өвөрмонголд болж буй тэмцлийн талаар дуугарсангүй гэх шүүмжлэл байна шүү. Энэ талаар?
-Монгол Улс одоохондоо Хятадад нүүрсээ зарах хэрэгтэй. Манайх чинь 176 тэрбум тонн нүүрстэй шүү дээ. Тавантолгой компани нүүрсээ боловсруулаад шахмал түлш гаргахаар үйлдвэрээ барьж байна. Энэ төслийг маш их сонирхон хүлээж байгаа. Энэ мэт ашигтай төслүүд, наймаа арилжаа зогсчихвол тэтгэвэр, халамжаа яаж тавих вэ. Тийм учраас өвөрмонголд болж байгаа үйл явдлын талаар яаран мэдэгдэл хийх нь буруу.Англи, Франц ОХУ, Казахстан зэрэг улсууд байр сууриа илэрхийлээгүй байгаа. Жаахан бяртай болж байгаад байр сууриа илэрхийлбэл зүгээр дээ.
-Таны үүсгэн байгуулсан АН-ын бужигнаан, үймээнийг юу гэж хардаг вэ?
-За яахав дээ. Миний үүсгэн байгуулсан гээд орилоод өмчлөөд явдаггүй шүү дээ. Энэ нам одоо эксель машин гар гар дамжаад зарагдаад л явж байна. Гэрээсээ хулгай хийдэг архичин шиг намынхаа гишүүдийн татварыг хусаад явчихсан Эрдэнийг яалтай вэ. Саяхан АН-ыг бузар булайн үүр болсон хэмээн муулж байсан, онгоцны мотор хойд солонгост зараад хоёр генералын амь насанд хүрчихсэн Лу.Болдын өвөрт орлоо доо. Ингээд өвөр өвөр хэсээд яваад байх уу, хэнтэй ч хамаагүй цуг явах уу гэдгээ АН шийдэх болжээ гэж хардаг. АН төлөвшихгүй бие нь муудсаар нас барчих гээд байна шүү.