Аз жаргалаа хөөсөн үй олон европчууд Америк тив рүү нүүдэллэн уугуул индианчуудыг уусгаад эзэн нь суусан. Анх Америк тивд хөл тавьсан хүмүүс дунд язгууртан баячууд байгаагүй, харин аз сорьж амьдралаа өөрчлөхөөр шийдсэн ядуус, дундаж наймаачин гээд зүсэн зүйлийн хүмүүс байсан гэдэг. Харин тэнд шинэ нутагт идээшиж, дэлхийд тэргүүлэх гүрэн болж “Америк мөрөөдөл” гэдэг. Угсаа язгуур гэж гайхуулах юм байгаагүй нэг ижил түвшний хүмүүс, нэг гараанаас зүтгэсээр өнөөдрийн Америкийг бүтээж чадсан. Олон хүн байгаа газар сайн муу, баян ядуу хүмүүс бий.
Тэдэн дундаас хөдөлмөр зүтгэлээрээ гарч ирсэн хүмүүс ч бий. Тэдний нэг Шотландаас Америк руу нүүдэллэн ирсэн Трамп удмынхан. Тэдний хүү Дональд Трамп Америкийн хамгийн өндөр өртөгтэй хот Нью-Йоркийн тэргүүн баян, тэрбумтан болж, барьсан байшин нь Нью-Йорк хотын нэрийн хуудас болдог. Дональд Трампын барьсан байшинг ордон, цамхаг л гэж нэрлэвэл зохилтой.
Гэхдээ энэ удаа Дональд Трамп биш түүний охин Иванка Трампын талаар сонирхуулж байна. Дональд Трампын охин Иванка Трампыг “Америкийн гүнж” гэж нэрлэдэг. Тэрбумтны хүүхэд болон төрж, хар багаасаа гүнж шиг амьдралд өссөн ч эвдрээгүй охин, баячуудын хүүхэд эрх, ажилгүй, анхиагүй, амьдрал мэдэхгүй гэдэг ойлголтыг халж чадсан бүсгүй бол Иванка Трамп. Аав Трамп нь Чех гаралтай мисс бүсгүйтэй анх гэрлэсэн. Арав шахам жил хамт амьдраад салсан ч, энэ нь хоёр хүүхэд болох Саша Трамп, Иванка Трамп хоёрт муу нөлөө, сүүдрээ тусгаагүй. Тэд хүмүүжилтэй, боловсролтой төгс хүүхдүүд.
Аав нь багаас нь хажуудаа авч зааж сургаж, хэн хүнд баймгүй хэрсүү хүүхдүүд болгосон гэдэг. “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо ууж, холливудын муу нэртэй охидтой шоудаж явахад Иванка Трамп сурахын зэрэгцээ аавынхаа компанид ажиллаж байсан. Хэдийгээр тэрбумтны охин ч гэсэн Иванка Трампыг хэрэгцээгүй зүйлд мөнгө үрж, архи дарсанд согтуурч явахыг харсан хүн байдаггүй.
Ахтайгаа аавынхаа шоунд туслан оролцож, цөөн боловч жинтэй үгээрээ хүмүүсийн анхаарлыг татсан билээ. Аавынх нь хийдэг Трампын шоу бол Парис Хилтоны хийдэг тэнэгдүү шоуны дэргэд жинхэнэ ухаан, бизнесийн гүйлгээ ухаан, хүмүүстэй хамтарч ажиллах арга барилга сургадаг том шоу байсан юм. Энд өөрөөсөө үе мултарсан ахимаг алдартнуудтай хамтарч ажиллах нь хоёр хүүхдэд нь өгөөжөө өгөх нь мэдээж. Аавынхаа дэргэд “болд шиг хатаагдаж” боловсорсон Иванка Трамп өөрийнхөө бизнесийг эхэлсэн. Иванка Трампын дэлгүүр ч ашигтай ажилладаг.
Иванка Трамп бүсгүйчүүд гэрлэхэд хамгийн тохиромжтой нас гэдэг 27-28 насандаа Нью-Йоркийн хэвлэлийн магнатын хүүтэй гэрлэж, гурван хүүхэдтэй болсон тогтвортой гэр бүл. Одоо АНУ-ын ерөнхийлөгч аавынхаа зөвлөхөөр ажиллаж, Америк мөрөөдлийг ажил хэрэг болгож явна. Баян айлын охин, насандаа баймгүй намбалаг, эрхэмсэг Иванка Трампыг Америкийн гүнж гэдэг нь оносон ч юм шиг.