“Үндэсний үзэл жижиг улсад өөрийгөө хамгаалах бамбай” хэмээн үзэж ийм утга санаатай хөдөлгөөн холбоодыг дэмжих бодлоготой ирсэн. Төрийн бодлого ч ийм байдаг болов уу гэмээр үндэсний үзэлтэй гэгдэх хөдөлгөөнүүдийг оролдоод байдаггүй юм билээ.
Энэ утгаараа Үндэсний үзэлтэй нэртэй хөдөлгөөнүүд Мэргэжлийн хяналт, цагдаа, байгаль хамгаалах, газрын маргаан, улс төрчдийн тэмцэлд хамгийн их хутгалдан ордог болсон. Хятадуудтай тэмцэх, гадныхантай маргалдах тэдний зорилго мэт ойлгоод ямар олон үндэсний үзэлтэй гэгдэх залуус хүн амины гэмт хэрэгтэн болов. Шунахайн голдуу зорилгоор гадны иргэдийг хөнөөсөн баримтууд цөөнгүй билээ.
Тэдний ихэнх нь үзэл санаа гэдгээ ойлгоогүй, дээрэм сүрдүүлгээр мөнгө олно гэж бодох нь элбэг юм даа. Уржигдар УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд Мөнхчулууны Зоригт “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хоёр багийн малчид мөнгөө нийлүүлэн “Босоо Хөх Монгол”-ын төлбөрийг төлөн уурхайтай тэмцүүлэхээр болсон гэнэ.
Гэтэл “Босоо Хөх Монгол”-ын нөхөд цаад уурхайн эзэдтэй тохирч мөнгө аваад хаяад явсан байна” гэж жиргэсэн. Энэ бол хөдөлгөөнүүдийг байнга дагадаг, яригддаг ярианы нэг юм. Уул уурхайн компанитай тэмцэх аргаа олдоггүй малчид хэдэн малаа заран замын зардал, хоол ундыг нь даагаад эрхэм тэмцэгч нарыг урьдаг.
Тэмцэгч нар тарган хонины мах идэж байгаад цаад уурхайтай тохирдог гэсэн шүүмжлэл зөндөө байдаг юм. Гэтэл М.Зоригтын мэдэгдэлд хариу тайлбар хийхийн оронд “Босоо Хөх Монгол”-ын тэргүүн улсын харцага Г.Ганхуяг дэд тэргүүн Ц.Баяраа нар ийн хариу мэдэгдэх юм. Цэндийн Баяраа нь “Мөнхчулууны Зоригт жижигхэн боовтой, эрэгтэй хүн сонирхдог гэж мэддэг хүн нь ярьж байна лээ” гэв.
28 мянган гишүүнтэй гэгдэх байгууллагын тэргүүн Г.Ганхуяг яаж дутах вэ гэсэн аятай “Пээ…Авгай хүүхний зураг аваад байдаг хүн арай гомотохгүй байлгүй” гэж нэмэрлэв. Ерөнхийдөө уурхайн компаниас өгч буй тайлбар нь. Дэд тэргүүн Ц.Баяраа нь ном бичдэг, бусдыг соён гэгээрүүлэгч хүн гэнэ.
Тэгээд удалгүй хэргээ хүлээн “Би гүтгэж үзүүлсэн юм” хэмээн тайлбарлаж байх юм. “Гүжир гүтгэлэгт сөөм хариугүй” гэгчээр М.Зоригт арга тасран болих юм. “Босоо Хөх Монгол”-ын гэх нөхдүүд сошиалд үргэлж бүдүүлэг үг хэрэглэдэг. “Муу хужаагийн шээс”, “Бууны нохой”, “Хаа байгаа газар чинь очиж ална”, “Биеэ үнэлэгч, янхан, хошного” гэх жижүүрийн үгстэй.
Хийх ажил багатай байдаг бололтой нөхдүүд 24 цаг сошиалд иймэрхүү тайлбар өгөх юм. Хэдэн жилийн өмнө “Даяар Хөх Монгол”, “Хөх Монгол”, “Босоо Хөх Монгол” нөхдүүд Дорноговь, Сүхбаатар аймгийн сумдаар нэвт дээрэм хийсэн. Яруу найрагч Ц.Хулангийн хүү хүртэл оролцож “Өдрийн сонин” дээр хүртэл бичигдэж байсан билээ.
Тухайн үед “Муусайн хужаа нараас машины бинзен, мах гурил аваа биз. Хэнтийн цагдаа нар юун сүртэй юм бэ” гэсээр асуудал намжиж билээ. Үндэсний үзэл гэдэг бүдүүлэг байдал, дээрэм тонуул, дураараа байдал, нацист хувцас, хүч түрэмгийлсэн занг хэлдэггүй юм. Монголын хүн бүрт байдаг үзэл санаа болохоос “Босоо Хөх Монгол”-ынх илүү, “том” гэж гэж байхгүй.
Дашрамд хэлэхэд “Адгийн шааруудын сүүлчийн хоргодох оромж Эх оронч байдал” гэх үг бий. “Эх орон, ард түмний төлөө” гэж орилсон болгон эх оронч байдаггүй. Бид хичнээн олон эх орончид, ард түмний төлөө гэсэн новшуудад албан тушаал өгөв өө. Бүр сүүлдээ боловсрол ч үгүй, зөв ч бичиж чаддаггүй нөхдүүд Эх орончийн баг зүүгээд улс төр рүү зүтгэх юм. Энд тэндхийн намаас гологсод, хаалга үүдээр шагайгчид, гомдогсод, галзуу солиотнууд Эх оронч болж байна.
Жаахан цэвэрлэгээ, цензур хэрэгтэй байгаа шүү Ганхуягаа.