Цаг сайхан байхад албан тушаалтнууд эхнэр, дүү, жолооч, тэдний хамаатны компани руу өндөр үнийн дүнтэй төсөв, тендер авч азаартдаг байв. Одоо бол ямар ч албан тушаалтан хамаарал бүхий этгээддээ тендер авч өгөхөө байсан цаг. Тэдний арга улам нарийсаад “Уолл Стрит” гудамжны луйварчид учрыг нь олохгүй системээр хулгай хийж байна.
Мэдээж хариулгаа, маллагаа муутай төсвөөс хулгай хийсэн нэгэн баримтын дэлгэх гэж байна. Хүүхэд багачуулын амралт, чөлөөт цагийг (Албан тушаалтан болгон ийм үгээр халхавч хийж ирээдүйгээс нь хулгай хийдэг) зөв боловсон өнгөрөөх зорилгоор “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн барихаар болсон билээ. Энэхүү ажлыг өнөөгийн УИХ-ын гишүүн Д.Батлутын бүлэглэл эхлүүлэн дуусгаж байгаа юм.
“Эрдэнэт” цэцэрлэг хүрээлэнгийн үнийг сонсоод иргэн та бараг ухаан алдан унана. Энэхүү Цэцэрлэгт хүрээлэн барих ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд одоогийн байдлаар 12,2 тэрбум төгрөг “уучихаад” байна. Нийтдээ 26 компани гүйцэтгэгчээр орон ажиллаж байгаа юм. 26 компанийн ард мэдээж Д.Батлутыг дэмжигчид, ивээн тэтгэгч нар байх нь ойлгомжтой.
Тэр Цэцэрлэгт хүрээлэнд очоод ажилтнуудаас нь “Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн төсөв хэд бэ” гэвэл “Хоёр тэрбум” гэж шулуухан хариулна. Үнэндээ бол улсын төсвийн хоёр тэрбум төгрөг тэнд бий. Улсын төсвийн хоёр тэрбумтай зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрээс нийгмийн хариуцлагын хүрээнд гэсэн нэрийн дор 10 тэрбум төгрөг гараад явчихсан байдаг юм.
Бараг хоёр тэрбум төгрөгөөр босч буй Цэцэрлэгт хүрээлэн байх магадлалтай бөгөөд үлдсэн 10 тэрбум төгрөг хаачив аа. Энэ хулгайг хийгч нар 26 компаниар жижиглэсэн байдаг. Үүдний хаалга гэхэд 141 сая төгрөгөөр бүтсэн байдаг юм. Хэдэн төмөр авчирч гагнаад өнгөт хавтангаар бүрээд л болоо. Мэргэжлийн барилгачид 40 сая төгрөгөөр хийчихнэ гэж байх жишээтэй.
Ногоон байгууламж гэхэд л 4-5 болон задарч энд тэндээс төсөв босно. Орон нутгийн төсвөөс 78 сая, Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсгийн нэмэлт төсөв дээр 204 сая төгрөг, Засаг даргын Тамгын газрын захиран зарцуулах хөрөнгөөс 45 сая төгрөг гарсан байх жишээтэй. Зураг төсөл дээрээ 3-4 метр өндөртэй гацуур барина гэж төлөвлөсөн танилцуулсан юм билээ.
Үнэн чанартаа 50 см шар хуас, нэг наст ургамал тарьсан байх юм. Хамгийн сонирхолтой нь мод тарих хөрс, нүх, арчлалт хэмээн гурав дөрвөн төсөв тавьсан байдаг. Модны нүх зэрэг ихэнх ажлыг цэргүүд, 111-т баригдсан иргэд үнэ төлбөргүй хийсэн байдаг. Гэтэл одоо хүртэл мөнгө урсгасаар байгаа нь гайхал төрүүлнэ.
Дугуйн зам 294,934,924 явган хүний зам 470,000,000 төгрөгөөр баригдсан бол Сагсан бөмбөгийн талбай 66,000,000 гар бөмбөгийн талбай 68,962,326 төгрөгөөр барьсан байдаг. Харин хөлбөмбөгийн талбай нь 700,000,000 төгрөгөөр босч байгаа юм. Хоёр давхар блокон барилга 518 сая төгрөгөөр баригдаж байгаа бөгөөд нь гүйцэтгэгч компанийн захирал орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн учир түр зогсчээ.
Тус цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд багачуулд зориулсан саяхан будсан Алсын харагч, өндөр цамхаг, эргэлддэг онгоц зэргийг 3,2 тэрбум төгрөгөөр авсан байна. Одоо галзуу хулгана 3-5 тэрбум төгрөгөөр авахаар тендер зарлах гэж байгаа юм. Хэрвээ галзуу хулгана худалдан авах болвоос нийт төсөв 15 тэрбум төгрөг даваад явчих юм билээ.
10 га цэцэрлэгт хүрээлэнгээ хоёр хуваан баруун, зүүн хэсэг хэмээн нэрлээд зогсохгүй төсвөө ч хуваасан байгаа юм. Төв замтай холбох 50 метр засмалыг 4 газраар оруулахаар хийж тус бүр 100 сая төгрөг төсөвлөсөн байна. Энэ бүгдийн цаана “Мафийн толгойлогч” маягийн лут эр УИХ-ын сонгуулийн зардлаа босгоод зогсохгүй үлдсэн сэг зэм дээр нь цөөвөр чоно мэт орон нутгийн дээрэмчид найрлах бололтой.
Эрдэнэтчүүд асар их мөнгөө яаж хулгайлах, нуух аргаа олж байдаг гэхэд болно. Өмнө Засаг дарга Оюунбат аймгийн наадам цогцолборыг 5,7 тэрбум төгрөгөөр бариад шоронд орсон. Гэтэл өдгөө 15 тэрбумаар босох (Цэцэрлэг хүрээлэнгийн гүйцэтгэл 80 хувьтай) магадлалтай энэхүү “найрыг” хэн зогсоох вэ. Төсвийн хөрөнгөөр босч буй барилгууд адил тэнцвэргүй үнэ ханштай байгаа нь хуваан залгих бүлэглэлийн ходоод, эр зоригоос шалтгаалах аж.