Хөөрхий охин минь алга болоод их удлаа. Алга болсон тэр өдрийг би ширхэгчлэн санадаг. Миний амьдралд тэр өдрөөс өөр амьдрал байгаагүй мэт дахин дахин тэр өдөр рүү очно. Хэн нэгнээ алдсан хэн нэгний амьдрал тэр өдөртөө гацаж орхидог. Ирээдүй, өнгөрсөн, одоо ч гэж байхгүй.
3өвхөн тэр өдөр л байдаг. Би хүүхдээ өдөр бүр хайдаг. Хайж байхдаа би жаахан ч болов тайвширдаг. Хэрвээ хайхгүй зогсчивол, миний өчигдөр хайсан газар хүлээж байгаа мэт санагдаад байдаг. Дахиад очоод үзэхээр байдаггүй л дээ. Гэхдээ намайг жаахан дугхийх, хоол идэх, өөр хүнтэй юм ярих үед, тэр газар байсан юм шиг санагддаг. Одоо бүх зүйл санагддаг л болж. Манайх нүүгээгүй. Шөнөжингөө чимээ чагнаж хонохдоо ирчих юм шиг л санадаг.
Өглөө босоод дахиад л хайна. Өдөржингөө хүүхдээ хайж ядрах нь сүүлдээ миний хувьд тайвшрал болсон. Орой нь ядарсан ирээд унтаж орхино. Зүүдэндээ дахиад л хайна. Би хаана, хаана дутуу үзлээ гэж зүүдэндээ дахин хайсан газруудаараа шөнөжингөө гүйнэ.
Охин минь алга болоогүй бол одоо 13 нас хүрэх байсан. Тэр охин шиг зэгзгэр охин болох байсан даа гэж зөрсөн охин хүүхэд бүрийг сонжино. Заримдаа сургуулийнх нь гадаа очоод охиноо цүнхээ үүрсээр гарч ирж байна гэж төсөөлдөг.
Ангийн охидтойгоо ярилцаж, инээж байгаа нь ямар хөөрхөн гэж санана. Тэр өдөр сургуулиас нь очоод авдаг л байж. Цогцсыг нь ч болов олчих юмсан гэж бодолгүй яах вэ? Тэгвэл ядаж гацсан амьдрал минь…
Үгүй ээ. Би ингэхэд дутуу л хайгаад байгаа юм байна. Хичээлдээ явах замаар нь 3 жилийн турш өдөр бүр хайсан ч дутуу л хайсан юм шиг санагдаад байна. Миний 1000 удаа шалгаж очсон газарт охин минь 1001 дэх удаагаа очиход зогсож байвал ямар сайхан бэ? Би энэ мэдрэмжээ яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Ямар ч байсан хүүхэдтэйгээ хамт байхад бусад зовлон, зовлон биш. Хүүхдээ л тэвэрмээр байна.